Социализмын төрхтэй капитализм
Франклин Рузвельтийг ерөнхийлөгч болсны дараа америкчууд түүнд их найдлага тавьж байлаа. Гэтэл тэр Цагаан Ордонд ирэнгүүтээ иргэд, байгууллагаас алтыг нь хурааж авах тушаалд гарын үсэг зурав. Тушаалыг зөрчсөн хүнийг 10 жил хорихоор заажээ. Алтаа нуун дарахыг оролдогчдын эсрэг кампанит ажил өрнөв. Ерөнхийлөгч ийм алхам хийх болсны шалтгаан нь юу байв?
Мөхлийн ирмэг дээр
Бүх хэрэг хөрөнгийн биржээс эхлэв. Дэлхийн түүхэнд “хар өдөр” гэж нэрлэдэг 1929.10.24 нд Нью-Йоркийн биржүүд үнэ дахин өсөх боломжгүй гэдгийг ойлгоод хувьцаануудыг зарж эхлэв. Гэвч хувьцааны худалдаа нийгмийг сандраасан зүйл болов. Доу-Жонсын аж үйлдвэрийн индекс 11 хувиар унав. Долоо хоногийн дотор хөрөнгийн зах зээл 40 хувиар хумигдав. (Харин дөрвөн жилийн дараа зах зээл дэх капиталийн хэмжээ 90 хувиар буурсан юм). Улмаар зах зээл дэх хувьцааны нийлсэн өртөг 30 тэрбум доллараар буюу Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ-ын зарцуулсан мөнгөнөөс ч илүү хэмжээгээр буурчээ. Үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчид маш богинохон хугацаанд дампуурав. Хөрөнгийн бирж унасан нь бүх эдийн засгийг татан унагав. Их Хямрал ингэж эхэлсэн юм.
1919-1933 онд Америкийн аж үйлдвэр хоёр дахин хумигджээ. Орон даяар уурхай, үйлдвэр, цахилгаан станциуд ажилтнаа цомхотгов. 1919 онд 1,6 сая байсан ажилгүйчүүдийн тоо 1933 онд 12,8 саяд хүрчээ. Энэ нь хөдөлмөрийн чадвартай хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлж байв. Иргэдийн бодит орлого 28 хувиар буурав. Нийгэмд бослого гарах магадлал өндөр болов.
Тэр үед Ерөнхийлөгчөөр Герберт Гувер ажиллаж байв. Тэрээр зах зээлийн үл үзэгдэгч гарт бүр мөсөн итгэж төр эдийн засагт огт оролцох ёсгүй гэж үздэг нэгэн байжээ. 1920-иод оны эхэнд эдийн засаг өсөлттэй байсан ч 20-иод төгсгөлд олон салбарт дахин хувиарлалт эхлэв. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт анзаарагдаж байлаа. Рокфеллер, Морган, Дюпон, Меллон зэрэг хэт баян олигархын бүлгүүд бий болж үндэсний баялгийн тал хувь, бүх хуримтлалын гуравны нэг нь тэдний мэдэлд оров. Олонхи иргэд хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй байв. Тиймээс худалдан авагч бараг байхгүй болж үйлдвэрлэл явуулах нь утгагүй болов.
Дэлгүүрийн лангуунууд бараагаар дүүрэн ч анхдагч хэрэгцээгээ хангаж чадах мөнгөтэй хүнгүй болж олон сая хүн өлсгөлөнгөөр амиа алдав. Худалдагдаагүй барааг устгаж байлаа. Үр тариаг далайд асгаж, шатааж, сая сая гахайг заазалж, тариалангийн газруудыг эзгүй орхив. Банкнуудын 40 хувь дампуурч, хоосорсон хувьцаа эзэмшигчид амиа хорлох нь түгээмэл байлаа. Ажилгүй, орон гэргүй хүмүүс овоохой барин амьдарч байв. Тэр байтугай нэртэй гангстер Аль Капоне хүртэл өрөвч сэтгэл гаргаж хүмүүст үнэгүй шөл тараав.
Их Хямралын үед ажилгүйчүүд үнэгүй шөлөнд оочерлож байна. 1936 он.
Чухам энэ л үед капитализмын мөхлийн тухай Марксын онол хүмүүсийн толгойд бууж байв. Ямар нэг байдлаар өөрчлөлт хийхгүй бол болихоо болилоо. Ийм нөхцөлд 1933 оны ерөнхийлөгчийн сонгуульд Франклин Делано Рузвельт ялалт байгуулав.
Хүчирхэг доголон
Тэргэнцэртэй ерөнхийлөгч Рузвельт хамгийн эхлээд иргэд, байгууллагаас цутгамал болон зоосон алтыг хураах тушаал буулгав. “Шар металлыг” эзэмшигч хэн бүхэн 1933.05.01 гэхэд алтаа улсад тушаах ёстой байв. 3 унц алтыг 20,66 доллараар банканд тушааж байлаа. Алтаа нуусан хэнд ч болов 10 мянган долларын торгууль ногдуулах, эсвэл 10 жил шоронд суух ялтай. Анхандаа энэ нь Оросын Ленин, Троцкий нарын аргатай тун адил харагдаж байлаа.
Хураасан алтыг Кентуки муж дахь Форт Ноксийн үндэсний санд төвлөрүүлэв.
Рузвельт энэ ажлаа алтыг гадагшаа алдахаас сэргийлсэн алхам гэж тайлбарлажээ. Тэрээр: “Мэдээж хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж агуу зорилгод саад болох хүмүүс гарч ирнэ. Хуулинд хэдийгээр албадлагын шинжтэй зүйлүүд орсон ч энэ нь зөвхөн миний төлөө бус ард түмний төлөө хийгдэж буй ажил гэдгийг онцольё” гэж хэлжээ.
Хураасан алтыг Кентуки муж дахь Форт Ноксийн үндэсний санд төвлөрүүлэв. Алтыг хурааж дууссаны дараа нэг унц нь 35 доллар болж өсөв. Рузвельтэд тийм их алт ямар хэрэгтэй байв
Кейнсийн зөв байж
Рузвельт нэгэнтээ: “Би энэ дэлхийн хамгийн ухаантай хүн биш, гэхдээ би ухаалаг шадар туслахуудыг олж чаддаг хүн” гэж хэлсэн байдаг. Түүний санаачилсан эдийн засгийн шинэ бодлого Британий эдийн засгийн сэтгэгч Жон Мейнард Кейнсийн онолд тулгуурлаж байв. Кейнс улс орны аж ахуйг удирдахад төр оролцох ёстой гэж үздэг байсан.
Кейнсийн онол ёсоор Их Хямралын шалтгаан нь бэлэн мөнгөний гачигдал аж. Бараа, үйлчилгээг ихээр үйлдвэрлэж байсан ч түүнд нь хүрэлцэх мөнгө байсангүй. Түүнээс гадна хоёр зууны зааг дээр авто машин, радио хүлээн авагч, онгоц зэрэг цоо шинэ бараанууд бий болов. Тиймээс мөнгөний хэмжээ алтны нөөцийн хэмжээтэй холбоотой байгаа нөхцөлд мөнгийг ихэсгэх боломжгүй байлаа.
Мөнгөний гачигдлаас болж үнэ буурч зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсэв. Зарагдахгүй бараа үйлдвэрлэсэн үйлдвэрүүд дампуурч энэ нь нийт эдийн засагт халдварлав. Энэ нөхцөлд мөнгийг алтнаас салгаж “мөнгө үйлдвэрлэгч машиныг асаах” хэрэгтэй байсныг Рузвельт олж харжээ.
АНУ-ын Засгийн газар зориудаар алтыг долларын бодит ханшнаас дээгүүр үнээр худалдан авав. Түүнчлэн нөөцийн банкнаас бүх нөөцийг нь авч оронд нь алтан гэрчилгээнүүд өгчээ. Үүний үр дүнд алтаар илэрхийлсэн долларын хэмжээ 41 хувиар буурч өмнө нь банканд төвлөрч байсан орлого үйлдвэрлэлүүдэд хувиарлагдав. Долларын доогуур үнэ экспортод ашгаа өгч үйлдвэрлэлийг дэмжив.
Энэ бүхний дараа Рузвельтийн хийсэн алхам зөв байсан нь батлагдав.
Их хямралын үеийн ажил хаялт. Фермчид сүүгээ явган зам руу асгаж байна
Социализмын төрхтэй капитализм
Рузвельтийн өрсөлдөгчид түүнийг АНУ-д социализмыг тулгалаа хэмээн буруутгаж байв. Харин Рузвельт өөрийн тушаалыг нийгмийг сүйрлээс аварсан алхам гэж үзэж байлаа. Тэрээр хэд хэдэн шинэчлэлийг хийжээ. Рузвельт банкны баталгаажсан хадгаламжийг санаачилсан. Ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд “хөдөлмөрийн лагерь” байгуулж түүндээ 3 сая хүртэл хүнийг хамруулж авто зам, гүүр, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн объектууд дээр ажиллуулсан.
Рузвельтийн байгуулсан Аж үйлдвэрийг сэргээх захиргаанаас ажилчдын нөхцөлийг муутгах замаар өрсөлдөөний давуу тал олохыг ажил олгогчдод хориглов. Үйлдвэрийн эзэн ажлын цагийг уртасгаж, цалин багасгах эрхгүй байв. 1935 онд үйлдвэрлэгчид төрийн хэтэрхий оролцоо АНУ-ын эдийн засгийг төлөвлөгөөний эдийн засаг болгохоос эмээсэн учир дээрх захиргааны үйл ажиллагааг Үндсэн хуульд харшилсан хэмээн зарлав.
Түүнчлэн Рузвельтийн үед тэтгэврийн тогтолцооны суурь болсон нийгмийн хангамжийн хуулиуд батлагджээ. Олон нийт Рузвельтийн шинэчлэлийг сайшаан хүлээж авав. Мөн тэр 1920 оныг хүртэл хэрэгжсэн архины хуурай хуулийг цуцалжээ. Ингэснээр алтаа хураалгаж хүнд цохилтод орсон хүмүүс дураараа хуулийн дагуу архидах боломжтой болжээ.