“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав
2015.06.12

“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Сангийн сайд Ж. Эрдэнэбат, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд АХБ-ны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох найман Гүйцэтгэх захирал оролцов. “Хоёрдогч хотуудад амьдрах орчныг сайжруулах замаар бүс нутгийн болон хот-хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бүрдүүлж, ажлын байр, оршин суугчдын тоог нэмэгдүүлэх нь Монгол улсын өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг юм” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр хэлэв.

Төсөл нь Дархан хотын аж үйлдвэрлэл, хотын хөгжлийг дэмжиж, хот суурин газрын тогтвортой байдлыг хангасан, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, үндэсний загвар “Ухаалаг, ногоон хот” болгох Засгийн Газрын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн үр дүнд Дархан хотод орчин үеийн төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулна. Монгол орны хүйтэн уур амьсгалд тохирсон, эрчим хүчинд хэмнэлттэй, үр ашиг нь олон улсын туршлагаар батлагдсан цэвэршүүлэх процессыг нэвтрүүлнэ. Төслийн үр шимийг тус хотын 80,000 оршин суугчид болон шинээр оршин суух иргэд, шинээр байгуулагдах үйлдвэрүүд хүртэнэ.

Түүнчлэн төсөл нь Хараа голын сав газрын усны болон байгаль орчны чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй ОХУ-ын усны томоохон нөөц болох Байгаль нуурт цутгадаг уг голын бохирдлыг багасгаснаар хил дамнасан усны бохирдлын хяналтыг сайжруулахад тодорхой хувь нэмэр болох юм.