"Иргэдийн оролцоо" Манайд биеллээ олох нь уу
2015.06.11

"Иргэдийн оролцоо" Манайд биеллээ олох нь уу

ШАХ ийн гүйцэтгэх захирал Др А.Саруул

Манай улс коммунизмд ороод...” гээд худлаа баахан сурталддаг, баахан зузаан ном, сурах бичиг үйлдвэрлэж, илтгэл тавьж, хурал хийдэг шиг үлгэр домог болоод замхрах бий ...

“Зөвшилцлийн ардчилал” гэдэг нь уих дахь намуудын тохиролцоог хэлдэггүй

Уг нь оролцоо их амархан. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Засаг дарга С.Өлзийсайхан “Иргэдийн оролцоо ямар ч эрх мэдлээс илүү хүчтэй” хэмээн сайхан жишээ ярьж өгөв. Багийн иргэд сумын төв рүү хол зам туулан байж банкаар үйлчлүүлдэг байжээ. Ингээд тэд энэ бэрх асуудлаа шийдвэрлэхээр хуралдав.

Хэлэлцүүлэг хийсний эцэст өрх бүр таван зуун мянган төгрөгийн хадгаламж нээснээр багийн төвд ХААН банк салбараа нээсэн байна. Багийн иргэдэд ч, бизнесийн салбарт ч ашигтай сайхан шийдэлд хүрсэн нь энэ. Энэ үйл явдлыг С.Өлзийсайхан дарга ийнхүү дүгнэв: “Иргэд өөрсдөө шийдэхээр ажил төрөл ямар ч саадгүй сайхан бүтдэг юм байна. Багийн засаг даргын эрх мэдэл үнэхээр хумигдмал, гэхдээ иргэдээ оролцуулаад шийдэхэд эрх мэдлээс хавьгүй илүү хүчтэй байдаг юм байна” хэмээлээ.

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Засагдарга С.Өлзийсайхан

Ховд аймгийн Жаргалант сумын ахмадуудыг ЗДТГ-аас хэлэлцүүлэгт урьж ирүүлээд, түлээ түлш, тусламж хэрэ11 г*й ахмадуудын нэрийг өөрсдөөр нь гаргуулснаар хэл амгүй, асуудал ямар ч хардлага, уур уцааргүй шийдэгдэж, тусламж зохих эзэддээ хүрсэн байна. Нийслэл хотын татварын асуудлыг хөндөх бүрд бөөн шүүмжлэл, хэл ам болж байна.

Гэтэл Хан-Уул Дүүргийн нэгэн хорооны цөөн иргэдтэй хууч хөөрч суунгаа хорооны хураамж гэж аваад, тэр мөнгийг юунд зарцуулахыг тайлбарлаж, өөрсдөөр нь шийдүүлэхэд татгалзахын оронд харин ч дэмжиж байх жишээтэй ...

Ийнхүү асуудлаа хэлэлцэж, зөвшилцсөнөөр шийдвэр гаргаж явахыг л зөвшилцлийн ардчилал гэнэ. Архангай аймгийн Цахир сумын зуун тавин иргэн 2014 оны дөрөвдүгээр сард сумын дүрмээ хэлэлцэх үеэр маш сонирхолтой саналууд гаргаж байв. “Сумын иргэдийн эрх, үүрэг” хэмээх заалт оруулахаар болсон.

“Ер нь багийн дүрэм гаргах хэрэгтэй юм байна”, “Нийтийн зар мэдээг хот айлаас хот айлруу дамжуулан хүргэх нь зөв юм байна”, сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүрэг, хариуцлага зэрэг маш чухал саналуудыг дүрэмдээ тусгажээ.

Намуудын ноёрхлыг иргэдийн оролцооны эрхээр хязгаарладаг

Швейцарь улсад 2015 оны 6 сарын 14-нд дөрвөн асуудлаар бүх ард түмний санал хураалт явагдах гэж байна. Санал хураалтыг төр засаг нь ч, ард иргэд нь ч санаачилсан байгаа. “Хүний нөхөн үржихүй ба ген технологийн тухай Үндсэн хуульд орсон заалтад өөрчлөлт оруулах эсэх”, “Бага орлоготой өрхөөс их, дээд сургуульд сурч буй оюутанд тэтгэлэг олгох эсэх”, “Өв залгамжилсан өмч хөрөнгөнд ноогдуулах албан татвар”, “Парламентаас тогтоосон радио, телевизийн хураамжийн хэмжээг өөрчлөх эсэх” гэсэн асуудлуудаар орон даяар иргэдийнхээ санал дээр тулгуурлан шийдвэр гаргах юм.

Санал хураалтын дүн эцсийн шийдвэр болно. Ард иргэдийн шийдвэр тул тэд өөрсдөө өөрийн гаргасан шийдвэрээ хүндлэн дагадаг. Ер нь “Монголын хууль гурав хоног” гэдэг нь “иргэд төр засгийн баталсан шийдвэр, хууль дүрмийг ойлгоогүй, мэдээгүй учраас хүлээн зөвшөөрдөггүй” гэсэн санааг илэрхийлээд байгаа юм.

Санал хураалт явуулах сэдэв нь улсын тусгаар тогтнол, хүний түгээмэл эрхийг зөрчөөгүй байх үүрэгтэй. Санал хураалтаас гарах үр дагаврыг санаачлагч талууд ойлгож, олон нийтэд нээлттэй сурталчилж, эргэцүүлэн бодох хангалттай хугацаа гаргаж өгөх үүрэгтэй. Санал хураалтаар эцсийн шийдвэр гаргадаг учраас санал хураалтын маш сайн хуультай. Ер нь “Иргэдийн оролцооны хууль”-ийн амин сүнс

нь “Санал асуулга/хураалт" байдаг. Швейцарьт парламентад суудалтай намуудын маргааныг ард нийтийн санал хураалтаар тасалдаг учраас иргэд нь аль нэг намыг дагаж хошуурдаггүй. Намуудын ноёрхлыг ийнхүү иргэдийн оролцоогоор хязгаарлаж чадсан байдаг.

“Иргэдийн оролцоо- ны хууль”-ийг батлах шаардлагатай байна

Монгол Улсад иргэдийн оролцоо хаанаас эхлэх, хаана дуусах, иргэд хаана, ямар асуудалд бодитой оролцох эрх, үүрэгтэй байхыг албан ёсоор хуульчлан тогтоохгүй бол “шууд ардчилал, иргэдийн оролцоо" хэмээх ардчиллын амин сүнс хурлын илтгэл, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сэдэв болоод замхрахаас сэргийлж “Иргэдийн оролцооны тухай хууль”-ийг УИХ яаравчлан батлах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл төр засаг нь иргэдийнхээ өмнө ямар эрх, үүрэгтэй байхыг ч хуульчлан тогтооно гэсэн үг. “Шууд ардчилал” гэдэг нь ийнхүү иргэд санаачлах, шийдвэр гаргах эрхийг хэлээд байна.

“Зөвшилцлийн ардчилал” хэмээх ээлжит “тархи угаалт”

“Олонхи”, “Цөөнх” гэдэг нь аливаа улсын нийгмийн бүлгүүдийн олонхи, цөөнхийг нэрлэдэг. Харин манайд бол УИХ дахь намуудын суудлын тоог л “олонхи, цөөнх” хэмээн ташаа ойлгоод байна. Яагаад гэвэл манай улсад иргэд нь хараат бусаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад оролцох эрх нь бүрэн хаалттай, төр засаг нь дангаараа шийдвэр гаргах эрхтэй хэвээр байна. Монгол Улсад иргэд нь санаачилж, санал хураалт явуулан ямар нэгэн шийдвэр гаргаж байсан бил үү?

Ардчилалтай улсад бол шашин шүтлэг, үндэстэн ястан, цагаач ба суурин иргэд, бизнес эрхлэгчид, судлаачид, залуучууд, ахмадууд, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг бүлгүүдийг олонхицөөнх" гэж ойлгодог. Шийдвэр гаргахад эдгээр бүлгүүдийн эрх ашиг хөндөгдөж байдаг учраас “цөөнхийн эрх ашгийг хүндлэх, зөвшилцөх" гэсэн ойлголт байдаг. Гэтэл манайд аанай л улс төрийн том, жижиг намуудын хоорондын тохиролцоог “Зөвшилцлийн ардчилал” хэмээн мушгиж эхэллээ.

“Шууд ардчилал” гэдэг үгнээс төөрөлдүүлэн зайлсхийж, улмаар “Зөвшилцлийн ардчилал” хэмээн шаагиж эхэллээ. АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЮМ. Гэтэл “зөвшилцлийн ардчилал” нь үнэн хэрэгтээ “оролцооны", эсвэл “шууд ардчиллын” хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл манай хороонд зам тавих уу, ногоон байгууламж барих уу гэдэг асуудал нь машинтай, машингүй, ахмадууд, хүүхдүүд зэрэг бүлгүүдийн эрх ашгийг хөндөх тул олонхи, цөөнхийг зөвшилцөлд хүргэхийг хэлээд байна. Энд намуудын олонхи, цөөнх ямар ч хамаагүй байгаа биз дээ?

“Иргэдийн оролцоо” гэдэг үгнээс дөлөөд байна

Сүүлийн үед “ардчиллын амин сүнс нь иргэдийн оролцоо” гэхийн оронд “шууд ардчилалд иргэдийн оролцоо чухал” гэж ярих болов. ЭНЭ БОЛ ТОМ ЭМГЭНЭЛ! Өөрөөр хэлбэл “эхнэр чухал, гэхдээ гэрлэх албагүй” хэмээн даажигнах болж дээ. “Иргэдийн өмнөөс бид шийдээд явъя, монголчууд боловсроогүй, гэрээгүй” гэх өнөөх л явцгүй санаа цухалзаад эхэллээ.

Иргэдэд мэдээлэл өгдөггүй, оролцох ба санаачлах эрхийг нь өгдөггүй учраас нийгэмд хардлага, хэрүүл хавтгайрч, гарсан шийдвэрүүд хэрэгжихгүй, эсэргүүцэлтэй тулж, хуулиудаа ахин дахин засаж, төсөвт асар их хохирол учирч байна. Нэг чуулганаар л 30-аад хууль хэлэлцэж батална.

Тэр нь зургаан зуугаад сая төгрөг болно. Түүнийгээ эргээд л засна. Мөн л хэрэгжихгүй. Нийт 576 хуулинд хичнээн төсөв үрсэн байх нь вэ? Үндэсний аюулгүй байдлаа эрхэмлэж, төсвөө хэмнэе гэвэл иргэд буюу нийгмийн бүх бүлгүүдэд оролцох эрхийг нь НЭЭ& өгөхөөс* өөр гарц харагдахгүй байна. УИХ эх орныхоо өмнө хүлээсэн эрхэм үүргээ биелүүлэх болтугай!