Зайсангийн уугуул иргэд сэтгэл тайван амьдрах боллоо
Зайсангийн “индианууд” гэсэн нэрийг зүүгээд байсан ХУД-ийн 4,11 дүгээр хорооны 600 өрхийн газрын асуудал шийдэгдэхээр боллоо. Тус хорооны айл өрхүүд олон жил өөрсдийн гэсэн газрын өмчлөх гэрчилгээгүй амьдарч ад шоо үзэгдэж байсан цаг саяхан.
Тухайлбал, эдгээр айл өрх ААН компаниудтай газрын маргаан үүсгэж нэлээд олон жилийг үдэж байгаа. Уг маргаантай асуудал жил болгон үүсдэг ч үүнийг нь тоож анхаарах холбогдох албан тушаалтан энэ хугацаанд байгаагүй гэж хэлж болно.
Тухайлбал, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар өнгөрсөн 2012 оны УИХ-ын гишүүнээр сонгогдож байхдаа “Энэхүү газрын асуудлыг бид яаралтай шийдэж та бүхнийг өөрсдийн гэсэн газрын гэрчилгээтэй болгоно” гэх амлалтыг өгч байсан. Гэтэл энэ асуудал өнөөг хэр нь шийдэгдэхгүй аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн дарамт шахалт ирж тэднийг байж суухын аргагүй байдалд оруулж байсан.
Тэгвэл иргэд энэхүү асуудлаа шийдүүлэхээр уржигдар БОНХЯ-ны сайд Д.Оюунхоролд хандаж нааштай хариу сонссон юм. Тэрбээр тус хорооны иргэдийн төлөөллийг тухайн өдөр хүлээн авч газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ хэлжээ.
Тэрбээр, салбарын сайдаар томилогдсон даруйдаа яам, нийслэл, дүүрэг,хороод, ТББ-ууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж шуурхай ажилласны хүчинд газрын ямар нэг маргаан зөрчилгүй уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох ажлуудыг хийжээ. Үүний тулд айл өрхүүдийг бүртгэх, маргаантай эсэхийг хянаж нягтлах, кадастрын зураг хийлгэх зэрэг олон ажлыг хийсэн байна. Мөн нэг хашаанд долоо, найман айл байгаагийн улмаас газрын гэрчилгээг хэний нэр дээр гаргах маргаан ч гарч байгаа аж.
Гэхдээ иймэрхүү айл өрх цөөн байгаа учраас олонхийн асуудлыг шийдэхээр салбар яам нь ийнхүү ийнхүү мэрийж байгаа аж. Харин уугуул иргэдийн төлөөлөл анх удаа салбарын сайд хүлээж авч уулзан, олон жил хүлээсэн асуудлыг нь хурдан шуурхай шийдэж өгч байгаад баярлаж байгаагаа хэлж байсан юм. Юутай ч өнөөдөр Зайсангийн дүр төрх хэдхэн жилийн хугацаанд ямар хурдацтайгаар өөрчдөгдөж байгааг хэн хүнгүй мэдсээр байгаа.
Тэгвэл өчнөөн олон жил дайралдсан хүн болгондоо ад шоо үзэгдэж байсан Зайсангийн уугуул иргэд энэ удаад өөрсдийн гэсэн газрын гэрчилгээтэй болж дурын нэг компанийн захиралд ад шоо үзэгдэхгүй амар тайван амьдрах болох бололтой. Юутай ч олон жил яригдсан Богд уул, Зайсанг тойрсон асуудлууд одоо л нэг эмх цэгцтэй болж асуудал нь ийнхүү шийдэгдхээр болсон сайшаалтай. Ингээд Зайсангийн уугуул иргэдийн зарим төлөөлөлтэй уулзахад дараах зүйлийг ярьж байна.
Ц.ӨНӨРЖАРГАЛ: БИД ЭНЭ ЦАГ МӨЧӨӨС ЭХЛЭН АМАР ТАЙВАН АМЬДРАХ БОЛЛОО
Баяртай байна аа. Манай 11 дүгээр хорооны иргэд энэ цаг мөчөөс эхлэн амар тайван амьдрах боллоо. Өнгөрсөн хугацаанд бид газрын асуудлаар маш олон хүн хандаж байсан ч бидний үгийг тоож хүлээж авдаг нэг ч эрх мэдэлтэн байсангүй. Бид чинь бараг л нийгмээс тусгаарлагдсан хүмүүс шиг л ад үзэгддэг байлаа шүү дээ. Юутай ч тус яамны хамт олон болон Д.Оюунхорол сайдад хорооныхоо иргэдийн өмнөөс баярласан талархснаа дахин, дахин илэрхийлмээр байна.
Ш.НЯМСҮРЭН: БАЯРЛАСАНДАА БОЛООД ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА
БОНХЯ-ны сайд Д.Оюунхорол биднийг маш сайхан найрсагаар хүлээн авч бидний олон жил хүсэн хүлээж байсан газрын асуудлыг минь шийдэж өгөх гэж байгаад үнэхээр баярлаж байна.
Яг үнэндээ бид нар анх удаа л сайдтай өөрсдийн биеэр уулзаж байна шүү дээ. Өмнө нь ингэж хүлээж авч байсан нэг ч дарга цэрэг байгаагүй учраас бид баярлаж байгаа хэрэг. Д.Оюунхорол сайд энэхүү газрын асуудлыг сайд болсон даруйдаа ажлын хэсэг гаргаж асуудлыг шат, шатаар судалж явсан байна. Тиймээс л одоо хэл ам, хэрүүл зарга болоод байсан газрын асуудал нэг тйишээ шийдэгдэх болсонд туйлын баярлаж байгаагаа дахин, дахин хэлмээр байна. Юутай ч энэ цаг мөчөөс эхлэн бид удаан жил амьдарч ирсэн газар нутагтаа сэтгэл амар тайван амьдрах боллоо.
Эцэст нь хэлэхэд энэ сайхан баяртай мэдээг сонссон өндөр настай хүмүүс маань баярын нулимс унагаж байна даа дүү минь.