Хан-Уул дүүргийн IV хороонд харьяалагдах 216 иргэнд газрын гэрчилгээг олгоно гэв
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар
2015.06.10

Хан-Уул дүүргийн IV хороонд харьяалагдах 216 иргэнд газрын гэрчилгээг олгоно гэв

Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өчигдөр Зайсангийн газрын асуудлаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзлаа.

Энэ уулзалтын эхэнд салбарын сайд “Зайсангийн газрын асуудал бол шийдвэрлэхэд хүнд, маш олон жил явсан дархан цаазтай газарт суурьшлын бүс үүсчихсэн ийм байдалтай байгаа. Тухайн газарт олон жил амьдарсан иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь тодорхойгүй удаан явж ирсэн.

Өнөөдөр Зайсангийн орчимд 600 иргэн, ААН-ийн газрын эзэмшил нь тусгай хамгаалалтаас гараагүй учраас асуудал нь шийдэгдэж чадаагүй байдаг. Зөвхөн ашиглалтын гэрчилгээтэй байна. Тийм учраас хамгийн эхэнд одоогийн суурьшлын бүс үүсчихсэн байгаа 600 өрхийн асуудлыг шийдвэрлэе гэдэг дээр манай яам онцгой анхаарлаа хандуулж өнгөрсөн гурван сарын хугацаанд ажиллалаа. Одоо бол энэ ажил нэлээд эмх цэгцэндээ орсон гэж ойлгож болно” гэдгийг хэллээ. Мөн нийслэл, дүүрэг, салбар яамнаас ажлын хэсэг гарч ажилласан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар иргэдэд газар ашиглах зөвшөөрлийг хэдийнээс олгож эхлэх вэ, 600 өрхөөс бичиг баримтын зөрчилгүй шаардлага хангасан иргэдийг зуу, зуугаар нь багцлах юм уу, шат дараалсан байдлаар асуудлыг, нь шийдээд явах ямар боломж байгааг тодруулсан. Үүний хариуд ямартаа ч эхний ээлжид ямар нэгэн зөрчил маргаан багатайгаар нь Хан-Уул дүүргийн IV хороонд харьяалагдах 216 иргэнд газрын гэрчилгээг өнөөдрөөс эхлээд олгоно гэдгээ салбарын сайд мэдэгдлээ.

Харин Зайсангийн бусад шийдэл хүлээсэн хорооны иргэдийн газартай холбоотой асуудлыг БОНХАЖЯ-ны Ажлын хэсэг, Дархан цаазат газрын захиргаанаас 14 хоногийн дараа тодорхой болгож иргэдэд мэдээлэл хүргэхээр боллоо. Уулзалтын төгсгөлд олон жил амьдарсан иргэдэд газар эзэмших эрх олгох нь гэдэг сургаар хууль бусаар хашаа хатгах асуудал гаргахгүй байх тал дээр яам, дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаарай гэдгийг гишүүд хэлж байв.