Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдийг өршөөхийг гуйсан гэдэг худал
УИХ-ын гишүүн Л.Болдыг Малайзад болсон хуралд оролцох үедээ "Монгол Улс цаазаар авах яг оноохгүй байгаа. Тиймээс Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдсон хэрэгтнүүдийг өршөөнө үү' хэмээн Малайзын талаас хүссэн гэх мэдээлэл өчигдөр тарав. Үнэхээр ийм хүсэлт тавьсан эсэхийг өөрөөс нь тодрууллаа.
-Та Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхийг Малайзын талаас хүссэн юм уу ?
Энэ бол миний хэлсэн үгийг дутуу дулимаг сонсоод шуугиан тарих гэсэн оролдлого, эсвэл цаанаасаа захиалгатай ажиллагаа байх. Үнэний өнгөн дээр худлын жижиг толбо үнэмшилтэй харагддаг юм байна. Би Малайзад болсон хуралд оролцсон нь үнэн, илтгэл тавьсан нь үнэн, Монгол Улсад цаазаар авах ялыг халах тухай яригдаж байгааг тайлбарласан нь үнэн.
Бас Ш.Алтантуяаг хөнөөсөнтэй холбоотой хэргийг шударгаар шүүхийг Малайзын талаас шаардаж, олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын анхаарлын төвд энэ асуудлыг тавьж, иргэнийхээ асуудлыг шударгаар шийдүүлэхийг оролдсон нь үнэн.
Харин энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөхийг гуйсан гэдэг худал. Би Гадаад харилцааны сайд байхдаа "Иргэн төвтэй гадаад бодлого" явуулж, иргэнийхээ асуудлыг шийдүүлэхээр байнга оролдсоор ирсэн. Ш.Алтантуяатай холбоотой хэргийг манай хууль хяналтын болон дипломат байгууллага огт хөндөөгүй байх үед манай яамны баг анх Малайзын талд асуудлаа тавьж, шахсаны хүчинд Малайз улс уг хэргийг шүүхээр шийдсэн түүхтэй.
-Малайзын тал Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн талаар ямар хариу хэлэв. Аллагыг гүйцэтгэсэн хэрэгтнүүдийг цаазалчихаар ард нь захиалагч нар нь гэм зэмгүй үлдэх гээд байгаа. Энэ хэрэгт тус улсын парламентын гишүүн, Ерөнхий сайд нь хүртэл оролцсон гэдэг шүү дээ ?
Чухам тийм агуулгаар л би энэ асуудалд олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг хандуулах гэж оролдсон юм. Одоо бол хоёр цагдааг золигт гаргаж, цаазлуулаад ард нь байгаа жинхэнэ гэмт хэрэгтнүүд ял завшиж үлдчихээд байна. Тэднийг олж, цээрлүүлэх нь шударга ёсонд нийцнэ.
"Сумаа тавиад нумаа нуух" гэж үг бий. Бид сумыг нь хугалчихаад, харвасан эзнийг нь хайхрахгүй орхих гээд байна.
Зохион байгуулалттай, улстөрийн оролцоотой гэмт хэргийн хувьд дандаа доод тушаалын гүйцэтгэгч нарыг цаазын илд дор тавьж өгч, ард түмний өшөө хорслыг тайлаад жинхэнэ том гэмт хэрэгтнүүд ард нь үлддэг жишиг олон улсад тогтчих гээд байна. Шударга ёс гэдэг бол хүний эрхийг дээдлэхийн хажуугаар хэрэг хийсэн хүнд ял завшуулахгүй байх тухай ойлголт шүү дээ. Энэ дэлхийн хаана ч би шударга ёс шаардана. Би Малайзаас асуудлыг шударгаар шүүхийг шаардсан.
Малайзын тал өөрийнхөө тайлбарыг өгсөн. Хүний эрхийг хамгаалдаг олон зүтгэлтэн уг хурлын үеэр Малайзын талаас Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэй холбоотой олон асуулт асуусан.
-Таны ярьсан зүйлийн талаар нэлээн сөрөг агуулгатай зүйл сошиал медиагаар тарлаа.
Яах вэ дээ. Энэ чинь улстөржилт шүү дээ. Хэн ч юуг ч гуйвуулж магадгүй. Малайзын талд ч, манай талд ч тийм гуйвуулга байж л байгаа шүү дээ.