О.Баасанхүү: Цаашид “ Чалко”-ийн гэрээг хөндөнө
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллажээ. Түүнтэй ярилцлаа.
-Таны томилолтоор ажилласан сумдад байдал ямархуу байна вэ. Явсан ажлын үр дүнгээсээ хуваалцана уу?
-Манай байнгын хороо иргэдийн өргөдлийг аваад газар дээр нь шийдвэрлээд явж байна. Тухайлбал. Дорнодын иргэдээс замын асуудал тавьсан учир “Цетро Чайна Дачин Тамсаг” компани дээр очиж ажиллалаа. Ирэх аравдугаар сар гэхэд 107 км зам, арванхоёрдугаар сар гэхэд үлдсэн 103 км замыг тавиулахаар тохирсон.
Мөн Өмнөговь аймагт усны асуудал байгаа учраас Ханбогд, Цогтцэций сумын иргэдээс гомдол ирсний дагуу очиж ажиллалаа. Ханбогд сумынхан Эрдэнэт шиг, Цогтцэций Багануур шиг хөгжих ёстой гэж ярьдаг юм байна. Учир нь стратегийн хамгийн том хоёр ордын хажууд байгаа хэрнээ нөгөө л сургууль, цэцэрлэг, зам, усны асуудал хэвээр байна. Энэ талаар Оюутолгойнхонтой очиж уулзаж өгөөч гэсний хувиар очлоо. Эхлээд дарга нар нь байхгүй, оруулахгүй, уулзуулахгүй гэж байсан ч би уулзлаа. Сургуулиуд нь компьютерийн асуудалтай байжээ.
Оюутолгой компани Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуульд өөрсдиин ашиглаж байсан 40 ширхэг компьютер өгчихөөд сургуульд нь томоохон дэмжлэг үзүүлсэн мэтээр ярьж, санхүүгийн тайландаа тусгасан байна.' Түүнчлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн бие засах газар, халаалт өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа зэрэг нь Оюутолгой компани орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадахгүй байгаагийн жишээ юм.
Зам нь гэхэд машин зөрөх боломжгүй стандарт бус замыг орон нутагт тавьжээ. Өмнөговьчуудын ганц санаа зовоосон асуудал нь ус. Оюутолгой 1.5 тонн, “Энержи Ресурс” хоёр тонн усыг нэг секундэд авч ашиглаж байна. Иймд устай холбоотой асуудлыг шийдэх хэрэгтэй юм билээ.
-Иргэдээс танд олон өргөдөл ирлээ, очоод ажиллалаа гэдэг. Асуудлыг нь яаж шийддэг юм бэ?
-Асуудлыг газар дээр нь шийддэг хүмүүсийг дагуулж очиж ажилладаг. “Петро Чайна Дачин Тамсаг” компаний хувьд гэрээний хугацаа дууссан учраас гэрээг шинэчлэх асуудлаар хоёр талыг байлцуулаад үүрэг чиглэлийг нь хатуу өгсөн. Тавантолгой дээр төвөгтэй асуудал байгаа нь Хятадын “Чалко” компанийн өр. МАНАН-гийн төрийн хийсэн аймшигтай юм энэ.
“Чалко” компаниас 300 сая ам.долларыг хүүтэй зээлж авч иргэн бүрт 21 мянган төгрөг өгсөн. Та, бид бүгд авсан учраас би зээлийн талаар оролдмооргүй байна. Харин төлөлт хий гэхээр бартерын гэрээ хийгээгүй байдаг. Манайх нүүрсээ өгөхөөр “Чалко” түүнийг , зарсны дараа мөнгөө авч манай өрнөөс хасна гэсэн тэнэг гэрээ хийсэн. Тавантолгой нүүрсээ ухаад бэлэн болгоод тавьчихаж. “Чалко”-ийнхан хилээр авч гарангуутаа нүүрс зарагдахгүй байна гэдэг юм билээ.
Тэгэхээр манай зээлийн хүү өсөөд байгаа. Ийм л эх оронч биш ажил хийжээ. “Эрдэнэс Тавантолгой” хэвийн ажиллаж байгаа ч сэтгэлгүй удирдлагуудаас нь болсон учир дутагдал бий. Цаашид би “Чалко”- ийн гэрээг хөндөх болно.
-Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тоггоох тогтоолын төслийг парламент дэмжсэнгүй. Энэ талаар танай байнгын хороо хэр ажилласан бэ?
-Ойлгомжтой шүү дээ. Маш том луйвар явж байгаа. Ноён уулыг хамгаалах хуулийн төсөл өргөн барьсан гэдэг. Ноён уул нь тахидаг уул. Гэвч түүнийг хамгаалах биш ухах хуулийн төсөл. Энэ талаар ажиллах гэхээр Өргөдлийн байнгын хороо заавал Байгаль орчны байнгын хороотой хамтран ажиллах ёстой гээд байгаа юм.
УИХ нь үйл ажиллагаагаа байнгын хороогоор дамжуулан хэрэгжүүлдэг. Гэтэл манайхыг үндсэн биш байнгын хороо гээд байгаа юм. Гүйх нохойд гүйхгүй ноход их саад болох юм. Холбогдох байнгын хороонд нь өргөдлөө шилжүүлэхээр огт шийдэж өгөхгүй уддаг. Тухайлбал. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболдод 20 мянган өргөдөл шилжүүлчихсэн чинь шийдэж чадахгүй одоо буцаагаад өгөх гэж байна шүү дээ.
-Улстөрчдийг голдуу уул уурхайн салбарын талаар ярихаар популист гэдэг болж. Та энэ ангилалд орсон хүмүүсийн нэг шүү дээ?
-УИХ-ын гишүүдийг ухаантнууд ба популистууд гэж хоёр ангилчихаад байна. Ухаантнууд Оюутолгой, Тавантолгой, Гацууртын ордоо явуулъя гэдэг. Бид ч гэсэн Оюутолгой, Тавантолгой, Гацууртыг явуулъя л гэж байна. Харин популистууд гээд байгаа бид нь Оюутолгойг явуулъя, гэхдээ Ханбогд сумын сургууль, цэцэрлэг, түүний ариун цэврийн өрөөний асуудлыг шийдээгүй байж Монголыг 2.1 тэрбум ам.долларыг төл гэдэг нь буруу гэж ярьдаг.
Хэн нь зөв, буруу ярьж байгааг ард түмэн шүүж байгаа болов уу. Ухаантнууд ам.доллартай болж улс хөгжүүлье, гэхдээ өөрсдөө баяжъя гээд байгаа юм. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Нарантуул зах дээр наймаа хийж байсан, Ч.Сайханбилэгийг хоёр хил дамнан спирт зөөж бизнес хийж байсан гэж мэдэхгүй. Тэд яаж мөнгөтэй болж хөрөнгөжсөн бэ, ард түмэн гэж ярихааргүйгээр ухаантнууд болсон юм бол. Асуудлын гол нь баялаг бүтээгчид. Тавантолгойн ажилчид баялаг бүтээгчид, тэднийг ажилгүй болгоё гээд гэрээ яриад явж байгаа хүмүүс баялаг бүтээгчид биш юм.
Оюутолгойтой холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах саналын хуудаст та гарын үсэг зурсан гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-19 гишүүн гарын үсэг зурах ёстой ч хүрэхгүй байна. Гэвч бидэнтэй, бидэнгүй МАНАН өөрсдөө яриад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт АН эхлээд мэдэгдэл хийнэ гэж бүлгийн хурал дээрээ ярьж байсан чинь МАН түрүүлж мэдээлэл хийгээд С.Эрдэнэ сайдыг огцруулна гэчихсэн. Энэ бол төөрөгдөл. Тэд хол явахгүй. Нийт 20 хүн бий. Тэднийг улс төрөөс гаргачихвал иэвэршинэ. МАН, АН, манай намд ч байгаа 20 хүн. Тэд мэдлэгт суурилсан төрийн бодлого ярих ёстой болохоос биш эрх ашгийн төлөөх биш. Ч.Сайханбилэг зүгээр л тэдний эрэг шураг нь.
-Гэхдээ засаг тарахаас өмнө энэ зун Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэх юм. Үнэн болов үу?
-Ээлжит бус чуулган зарлаад хийнэ гэж харж байна.
-АН-ынхан МАН- тай байгуулсан хамтын гэрээгээ дүгнэнэ гэдгээ мэдэгдлээ. МАН хэзээ засгаас гарах бол?
-Гарахгүй. Арай гэж мөнгөтэй болох гэж байж гарч чадахгүй шүү дээ. Овоо санхүүтэй болж байж үнэхээр гардаг юм бол сонгуулийн өмнөх өдөр л гарна биз.
-Танай нам ч Засагт байгаа биз дээ?
-Манайх ч гэж дээ, засагт байгаа л нэртэй.