Хүүхдэд зориулсан уран бүтээлийн есдүгээр  уралдаан болно
2015.06.26

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн есдүгээр уралдаан болно

Монголын ард түмэн үеийн үед үр хүүхдээ урлаг, уран зохиолын гайхамшгаар цэнгүүлж,  дуу хөгжмийн эгшигээр уярааж, энэрэхүй зөөлөн  сэтгэл, эх орон, түүх соёлоо хайрлан дээдлэх үзэл санааг оюун бодолд нь шингээж ирсэн уламжлалтай.

Эдүгээ энэ уламжлал тасралтгүй үргэлжилсээр ирсэн бөгөөд Засгийн газрын зүгээс энэ талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж  ирлээ.
 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн IX уралдааныг найман удаа зохион байгуулаад байгаа  билээ.  Хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу "Хүүхэд бүхэн жаргалтай байг" сэдвийн хүрээнд уран бүтээлийн уралдааныг зарлаж байна. 

Нэг. Уралдааны зорилго:

Шинэ зууны хүүхэд, багачуудын  оюуны эрэлт хэрэгцээг хангаж, тэдэнд эх хэл, түүх соёл,уламжлалаа бахархан дээдлэх ухамсар, төлөвшлийг олгох увдистай шилдэг уран бүтээлийн урын санг баяжуулах, уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг тэтгэн дэмжих,шалгарсан шинэ бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоход оршино. 

Хоёр. Уралдааны зохион байгуулалт, ирүүлэх бүтээлийн төрөл зүйл, бүртгүүлэхэд тавигдах шаардлага 

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг хүүхдэд зориулсан телевизийн цуврал уран сайхны нэвтрүүлэг, хүүхдийн дууны цомог гэсэн хоёр төрлөөр 2015 оны 6 дугаар сарын 25-наас 2015 оны 9 дүгээр сарын 1 хүртэл зарлаж байна.
Уралдаанд оролцогч нь “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 30-40 минут үргэлжлэх 20-оос доошгүй цуврал  телевизийн уран сайхны цуврал нэвтрүүлэг, 20-оос доошгүй дуу бүхий хүүхдийн дууны цомог хийх төсөл ирүүлнэ.
Уран бүтээлчид бүтээлээ бүртгүүлэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

 Уралдаанд оролцохыг хүссэн  албан бичиг,

уран бүтээлийн танилцуулга, Зохиолын хураангуй /аннотаци/

Уран бүтээлийн багийн танилцуулга, ажлын туршлага,

бүтээл туурвих ажлын төсөл төлөвлөгөө,

Бүтээлийг туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан захидал,

Бүтээл туурвих ажлын хуваарь, төлөвлөгөө, төсвийн задаргаа,

Тайз, хувцас, цомогийн эхийн зураг, эскиз,

зохиогчтой хийсэн гэрээ

 Уралдаанд оролцогч нь төслөө  2015 оны 7 дугаар сарын 1-нээс  2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 17.00 цаг хүртэл  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бичиг хэрэгт 105 тоотод хүлээлгэн өгнө. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй. 

Гурав.Уралдааны шалгаруулалт

Уралдаанд ирсэн баримт бичгийг БСШУ-ны сайдын томилсон  мэргэжлийн зөвлөл хуралдаж шалгаруулах тухай дүгнэлт гаргана. Зарласан төрөл зүйлээр шаардлага хангасан төсөл ирээгүй тохиолдолд тухайн төрөл дээр шалгаруулалт хийхгүй.

Шалгарсан төслийг нийтийн хүртээл болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Төсөл нь санхүүжилт авахаар шалгарсан уран бүтээлийн багийн удирдагч БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газартай зохиогчийн эрхийг хэрхэн зохицуулах, шалгарсан бүтээлээ 2016 оны 1 дүгээр улиралд багтаан олны хүртээл болгох тухай гэрээ байгуулна. 

Хаяг: 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 
8 хороо, Бага тойруу-44, 
Засгийн газрын III байр. 105 тоот  
Харилцах утас 266282, 88114884, 
Цахим шуудан: www.meds.gov.mn