Баячуудын толгойг илсэн “Эрүүгийн хууль”
УИХ-ын хуульч гишүүд
2015.07.06

Баячуудын толгойг илсэн “Эрүүгийн хууль”

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулгаанаар “Эрүүгийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэг рүү шилжүүлсэн. Тэгэхээр энэ долоо хоногтоо багтаад батлагдана гэсэн үг.

Гэхдээ өнөөдрийн байнгын хорооны хурлаар зарчмын зөрүүтэй зарим заалтууд дээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Баасан гаригт УИХ-ын хуульч гишүүд “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж, байнгын хорооноос гарч байгааг хэлсэн. Мэдэгдлийн үеэр Эрүүгийн хуулийг батлах үеэр хууль зүйн сайд байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрүүгийн хуульд эд хөрөнгө хураах ялын төрлийг байхгүй болголоо. Жишээ нь , галт зэвсгийн,  хар тамхины наймаанаас олсон орлогыг хурааж, хүнийг нь шоронд хийж, нийгмийг аюулгүй болгодог эд.

Гэтэл эд хөрөнгө хураах ялыг байхгүй болгосон. Дээрээс нь тооцооны нэгж гэдэг зүйлийг гаргаж ирлээ. Хаана ч байхгүй тооцооны нэгж гэдэг зүйл гаргаж ирлээ. Тэр нь 2000 төгрөгтэй тэнцэнэ гэнэ.  Хэн ч тайлбарлаж чадахгүй зүйлийг Эрүүгийн хуулийн суурь болгосон.  Нарийндаа 1990 оноос өмнө мөрдөж байсан, 1962 оны Эрүүгийн хуулийн торгуулийг хатуу  тоогоор илэрхийлсэн механизмыг суулгаж өгсөн байсан” гэлээ.

Үнэхээр эд хөрөнгө хураах хуулийн заалтыг хассан нь баян чинээлэг давхрагынханд ээлтэй болж байгаа юм. Түүнчлэн торгох ялын заалтад нэг шинэ гэх зүйлийг нэмсэн нь “тооцооны нэгж” гэх ойлголтыг хуулинд тусгажээ. Энэ нь мөнгөн дүнгээр нэг нэгж нь “2000” төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Хэрвээ та торгуулахад цагдаа “Танд 2000 нэгжийн торгууль хүлээлгэлээ” гэх үед 4 сая төгрөг төлнө гэж ойлгоход болно.

Гэхдээ шинэчилсэн найруулгын төслийг Зөрчлийн тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулиудын суурь гэдгийг хуульч гишүүд хэлсэн. “Зөрчлийн тухай хууль”-ийг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцлүүгт шилжүүлсэн нь наадмаас өмнө амжаад батлагдана.

Энэ мэтээр томоохон, тэр дундаа заалт бүр нь хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой хуулиудыг ингэж шуурхайлан оруулж байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг УИХ Эрүүгийн хуулийг яаран хэлэлцэж, мэргэжлийн бус хүмүүсээр хэлэлцүүлж, батлуулах гэж байгааг хуульч гишүүд эсэргүүцэж байна” гэж хатуухан хэлсэн. Үнэхээр тэдний хэлж буй үгийг үнэн гэвэл “Эрүүгийн хууль” бүрэн утгаараа мөнгөтэй хүмүүст үйлчилдэг эрүүгийн тусгай дэглэм Монголд бий болно.

Энэ тухай Ц.Нямдорж гишүүн “Жирийн ардын хүүхэд хэрэг хийвэл хорих газар ял эдлүүлдэг.  Мөнгөтэй хүний хүүхэд хэрэг хийвэл гэрийн хорио гэдэгт цайгаа уугаад сууж байх зүйл болно. Ийм зүйл байж болохгүй. Шүүх, хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд бичсэн байдаг” гэсэн юм.

Харин угийн заргач зантай О.Баасанхүү гишүүн “Хууль зүйн байнгын хороо мэргэшсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр мэргэжлийн бус хүнээр удирдуулаад, барьцаалагдсан хүнээр хуулийн төслөө яриулаад явж байгаа. Бүгдээрээ барьцаанд орсон байна гэж би харж байна. Тийм учраас бид эргээд ард түмэн, мэргэжлийн хүмүүсийнхээ өмнө энэ хуулийг батлахад оролцсон гэсэн бохир нэрэнд хутгалдахыг хүсэхгүй байна” гэдгээ хэлсэн.

Ямартай ч өнөөдөр байнгын хороод шахуу хуваарьтай хуралдаахаар төлөвлөсөн. Хууль зүйн байнгны хороо 18 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл зургаан гишүүн байнгын хорооноос гарсан гэдгээ мэдэгдээд байгаа тул өнөөдрийн байнгын хорооны хуралдаан хуралдах эсэх нь эргэлзээтэй байна.

Хэрвээ байнгын хороо хуралдаж чадахгүйд хүрвэл эцсийн хэлэлцүүлэгт шилжээд буй “Зөрчлийн тухай хууль” болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Тагнуулын байгууллагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх бололжгүйд хүрэх юм.