Хүчээр кнопдож Эрүүгийн хуулийг оруулах гэж байна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.07.07

Хүчээр кнопдож Эрүүгийн хуулийг оруулах гэж байна

Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг  хийж, дэмжсэнээр  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа.

Гэвч уг шинэчилсэн гэх тодотголтой  Эрүүгийн хууль зарим шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Иргэдийн зүгээс ч, мэргэжлийн хүмүүсийн зүгээс ч зарим зүйл заалтыг нь эсэргүүцсэн байдалтай байна. Тиймээс хуулийн төслийн ажлын хэсэгт байгаа ч зөрчилтэй заалтуудыг олон нийтэд дэлгэж, шүүмжлэлтэй байр суурьнаас хандаж буй УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс уг хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

 -Та Байнгын хорооноос гарлаа гэсэн мэдэгдэл хийлээ. Энэ ямар учиртай юм бэ?

Хуульч мэргэжилтэй хүний хувьд, нөгөөтэйгүүр хууль зүйн салбарын шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэдэг үүднээс Хууль зүйн байнгын хороог сонгосон. Гэвч энэ шинэчлэл анхнаасаа мэргэжлийн хуульчдыг сонсохгүй, тэднийг дандаа буруутгаж, тэдний үгийг үг гэж боддоггүй, нэг хэсэг хүмүүсийн лоббигоор явж ирсэн. Үүний уршгаар шүүх, хууль цагдаагийн байгууллага бүгд бужигнасан. Алдаатай буруу байна гэдэг нь олон түмэнд харагдсан. Угтаа олон нийт эрхзүйн шинэчлэлт хийгээсэй, Монгол Улс шоронжсон улс байхаа болоосой, хатуу хуулийн тогтолцооноос салах юмсан гэж хүссэн.

Гэтэл  энийг шийдэхийн тулд 2012 онд Өршөөлийн хуулийг өргөн барьсан. Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлсэн хуулийн заалтуудыг өргөн барьсан. Гэтэл заавал гэмт хэргийн хууль буюу Эрүүгийн хуулийг батал, үүнийг баталж байж л бүх зүйл гоё болж, Өршөөлийн хууль гарна гэсэн. Ингээд нэгэнт өргөн баригдаагүй хуулийг эсэргүүцээд ч яахав гээд тодорхой хугацаанд хүлээсэн. Харамсалтай нь гурван жил хүлээлээ. Өршөөлийн хуулийг өнөөдөр ард түмэн үнэхээр хүсч байна.  

Улмаар гол хууль нь орж ирэхийг хүлээж, ирэнгүүт нь ажлын хэсэг байгуулсан. Миний бие “Шударга ёс” эвслээ төлөөлөөд ажлын хэсэгт орсон.  Тодорхой саналуудыг бичгээр болон амаар хэлдэг байсан. Гэвч миний саналуудаас ихэнх нь ороогүй. Санал хураалтуудаас “наана чинь болохгүй байна, буруу юм битгий хий” гэж хэлээд гарсан.

Гэтэл ажлын хэсгийн бүх гишүүд дэмжсэн гээд, миний нэрийг бусад дэмжээгүй гишүүдийн нэртэй  хамтатган чуулганд оруулсан. Чуулганд орж ирээд М.Энхболд Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг ахалж явуулсан. Энэ үед найман санал дээр саналаа хэлсэн. Эл хэлэлцүүлэг ард түмэнд ч таалагдсан. Ажлын хэсгийн гишүүдийн байр суурь ч ойлгомжтой болсон. Гэвч энэ үеэр МАН завсарлага авсан. Ийм байдалтай байх үед энэ хуулийг гацааж, буруутгаж, Н.Энхбаярыг өршөөсөн ухааны  зүйл ярьж эхэлсэн.

Энэ гацаалтад 8000 хүний эрх ашиг хөндөгдөж, барьцуулсан байдалтай байсан. Дараа нь нэгдсэн чуулган дээр М.Энхболдийн үед МАН завсарлага авчихаад тав хоног дуусаад чуулган дээр орж ирсэн. Чуулган дээр би үг хэлэх гэтэл хэлүүлээгүй.  Яагаад үг хэлж болохгүйг асуухаар чи ажлын хэсгийн гишүүн, үг хэлж болохгүй гэсэн байдлаар дарамталсан. Ингэж  УИХ-ын гишүүний үг хэлэх, хэлэлцүүлэгт орох эрхийг боогдуулж байж хүчээр кнопдуулж Зөрчлийн хуулийг оруулж ирсэн. Одоо хүчээр кнопдож Эрүүгийн хуулийг оруулах гэж байна.

-Эрүүгийн хуулинд шүүмжлэхүйц олон асуудлууд байгаа юм уу. Яагаад энэ чигээр нь баталж болохгүй гэж?

-Ерөнхийдөө аливаа зүйл сайнтай, муутай. 2012 оны хууль ард түмэнд шоронжсон буюу  маш харгис хууль болсон. Ялангуай хор уршгийг нь тооцолгүй ял өгдөг байдал нь олон нийтийн шүүмжлэлийг аваад байсан.

Тухайлбал, 7 сая төгрөг залилсан гээд 60 гарчихсан эмгэн, өвгөн хоёрт 11 жилийн ялыг оноож, гэр бүлээр нь ялласан.  Энэ болгон ард түмний дургүйцлийг хүргэж байсан. Үүнийг өөрчлөх ёстой. Гэтэл “чоно борооноор” гэдэг шиг маш олон ойлгомжгүй заалтууд орж ирсэн.

Нэгдүгээрт, гэмт хэргийн захиалагч гэдэг ойлголтыг /тухайн хор уршгаас үл хамааран бусдад хохирол учруулахыг захиалж байгаа гэсэн үг/ хатгагч гэдэг нэр томьёогоор орлуулсан. Хатгагч гэдэг бол хамтдаа гэмт хэрэг үйлдэхээр явж байхдаа бусдыгаа турхирч, гэмт хэрэг хий гэж шаардахыг хэлдэг.  Гэтэл захиалагч гэж урьдчилсан байдлаар санал гаргагчийг хэлдэг.  Гэвч энэ хуулинд хатгагч, захиалагч хоёрыг яг ижилхэн гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, тодорхой улс төрч С.Зориг агсаныг хөнөөгөөдөх гэж захиалсан байж болно. Иймэрхүү зохион байгуулалттай хэрэг дээр урьдчилсан захиалга их явагддаг. Гэтэл үүнийг бүхлээр нь авч хаяж хатгагч гэдэг нэр томьёогоор орлуулсан.

-Ял наймаалцах заалтыг оруулж ирсэн.  Монгол Улсад өнөөдөр ял наймаалцах нөхцөл бүрдсэн үү?

Анх удаагаа гэмт хэрэг хийсэн хүмүүс айдастай байдаг. Айдастай байгаа хүмүүс хуулийн байгууллагатай хамтран ажиллахаас үл хамааран ялын наймаалцал хийж чадах уу.  Тодруулбал, хэргээ хүлээлгүй хуулийн байгууллагад нотлохын бол 10 жил, нотлохоос өмнө хэргээ хүлээвэл 5 жил гэсэн ойлголтыг оруулж ирж байна.

Энэ Эрүүгийн хуулинд 18-аас доош насны аливаа хүнтэй тухайн хүнийг зөвшөөрсөн, үл зөвшөөрсөнөөс хамаарч бэлгийн харьцаанд орж болохгүй гэж заасан байх ёстой. Гэтэл тийм зүйл ч заагаагүй.

-Ял шийтгэлийн бодлого дээр шинэ зүйл их бий гэж яригдаад байгаа?

-Гэрийн хориог тодорхой маршрутаар хязгаарлах гэж байгаа. Гэтэл энэ нь мөнгөтэй хүнд боломжтой. Мөнгөтэй хүн ялаас чөлөөлөгдөж, мөнгөгүй хүн шорондоо хэдэн жилээр ч хамаагүй суух болчих гээд байгаа юм. Мөн цаазаар авах ял байхгүй болчихсон гэх мэтчилэн.