Туг ч барина тугал ч хариулна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
2015.07.20

Туг ч барина тугал ч хариулна

Ж.Батзандан гишүүн жагсаал хийдэг тэмцэгчээс УИХ-ын гишүүн болж чадсан нь түүний хувьд үнэхээр том амжилт. 2008 оны сонгуульд өрсөлдсөн ч туршлага дутсан.  Ерөнхийдөө нэгэн үе жагсч, тэмцэж явсан нөхдүүдээс цөөнгүй хэд нь гишүүн болж, зарим нь дээгүүр албан тушаалд очсон ч хүн бий. Тиймдээ ч одоо Ж.Батзандан гишүүн тэргүүтэй хүмүүсийн гаргасан замаар явахыг хүсэгчид олон болж. 

Түүний нэг сайн тал эсвэл давуу тал нь намаа сайн шүүмжилж чаддагт байгаа юм. Намын гишүүн гээд үг дуугарахгүй, алдаатай зүйл дээр нь ус балгасан юм шиг суудаггүй, шударга нэгэн.  Олон ч буруу зүйл дээр нь шүүмжилж, зөв шударгаар дуугарч байсан.

Тухайлбал, “давхар дээл”-ийн асуудал дээр хамгийн хүчтэй эсэргүүцсэн нэгэн. Өөрөө ч гэсэн “Би сайд болохгүй. Намайг сайд бол гэсэн ч би хүлээж авахгүй. Давхар дээлгүй байцгаая” хэмээн уриалж байсан удаатай.  Энэ мэтээр намынхаа бурууг шүүмжилснийхээ төлөө хөөгдөх дээрээ хүртэл тулсан ч гандан бууралгүй “Хөөвөл хөө” хэмээн хэлж, үзэл бодолдоо үнэнч гэдгээ харуулсан. Ямар сайндаа хуучин ерөнхий сайд нэг удаагийн намын хурал дээр “ Чи муу дуугүй байгаарай, дургүй хүргээд байвал зодчихно шүү” гэж хэлсэн хэмээн нэг хэсэгтээ л цахим сайтуудаар давалгаалсан.

Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Н.Алтанхуягт захиа бичин “эдийн засаг ийм болтлоо хямарчихаад байгаа нь Шинэчлэлийн Засгийн буруу, тэд л бодлогогүй, ойворгон зангаасаа болж өнөөдөр ийм байдалд хүргэлээ” гэдгийг хэлсэн.

Тэрээр захианыхаа эхэнд ““Зуун ямаанд 60 ухна гэдэг шиг гурван caя хүрэхгүй хүн амтай Монгол оронд 16 яам, 18 сайд, 21 аймаг, 330 гаруй сум, 130 мянга гаруй төрийн албан хаагч тэжээдэг үр ашиг муутай, үрэлгэн, социалист хэв маягийн захиргааны тогтолцоо юм. Өнөөдрийг хүртэл ний нуугvй хэлэхэд манай төсвийн зардлын 50 орчим хувийг захиргааны зардал эзэлсээр л байна” хэмээн тун чиг шийдэмгий бичжээ. Нэг талаараа намынхаа нөхдийн дургүйг хүргэж, нэр хүндээ алдсан үйлдэл гэж хэлэх хүмүүс байгаа ч түүний зоригтой, шударга үйлдлүүд, үгс ард түмэнд таалагдсан гэдэг нь эргэлзээгүй.

Түүний улстөрийн кареерт сайнтай муутай олон зүйл байдгийн нэг нь долоон жилийн өмнөх долоон сарын нэгний үйл явдал. Түүнчлэн тэр үед жагсаал цуглаан зохион байгуулж, олон түмнийг үймээнд уриалан дуудсан гэдгээр буруутгагдсан тэрээр “Ганц худаг”-ийн шоронд өлсгөлөн зарлаж байсан. Тэр үед өөрийн өмгөөлөгчөөр төрсөн эгч Ж.Баттуяагаа сонгосон. Түүний эгч Австри улсад доктор хамгаалсан хуульч хүн.

Тэрбээр ганц худагт хоригдож байхдаа ард түмэнд хандаж нэгэн захидал илгээж байв.  Захидлын эхэнд, "21-р зууны Монголд улсад төрийн хэлмэгдүүлэлт, төрийн хүчирхийлэл газар авч эхэллээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрийн шалтгаанаар олон зуун хүнийг хоморголон баривчилж, тарчлаан зовоож, ямар ч үндэслэлгүйгээр ял тулгах явдал дэлгэрч байна гэсэн байдаг.

Харин төгсгөлд нь: Миний амь нас эрсдэхэд "Ганц худаг"-ийн Урьдчилан хорих төвийн удирдлагууд болон надтай хамт тэмцэж явсан нөхдүүд, ар гэрийнхэн минь ямар ч буруугүй болно. Гагцхүү хилс хэрэг тулгаж буй цагдаагийн байгууллага, энэхүү хэргийг улс төржүүлэн бидэнд улс төрийн хавчлага, шахалт үзүүлж буй МАХН-ын өнөөгийн удирдлагууд буруутай.Тодорхой хэлбэл, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нар миний амь насыг хөнөөсөн хэрэгт шууд холбоотой гэдгийг мэдэгдье" гэж бичиж байлаа.

Шоронгоос гарсныхаа дараа ч гэсэн тойрч гараагүй, туулж үзсэн болохоор тэнд хоригдож байгаа хүмүүст хандаж: “Хэрвээ хэн нэгэн хүн шүүх цагдаагаар шалгагдаж байгаа бол шалгуулсан шиг шалгуулах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэгээд эцсийг нь үзэх ёстой” хэмээн хал үзэж, халуун чулуу долоосон хүн шиг хэлээд амжсан. Ямартай ч ирэх сонгуульд ард түмэн түүнд дахин итгэл хүлээлгэх нь дамжиггүй биз.