Хаврын чуулган гол хуулиа хэлэлцсэн
УИХ дахь АН-ын дарга Б.Гарамгайбаатараас бүлгийн түвшинд хаврын чуулганд ямар дүн тавьж байгааг асууж тодрууллаа.
-Танай бүлгээс энэ удаагийн чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хаврын чуулган гол гол хуулиа хэлэлцсэн гэж үзэж байна. Хэд хэдэн хууль үлдлээ. Эдгээрийг ирэх 8 дугаар сарын 3-ны ээлжит бус чуулганаар хэлэлцэе гэсэн шийдвэр гарч байна. Ерөнхийдөө бол УИХ-ын чуулган хэвийн үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор намын бүлгүүд тодорхой хугацаанд завсарлага авч байсан. Ойлголцох шатанд ажил хойшилж байсан тохиолдлууд бий. Гэхдээ энэ нь УИХ-ын чуулганы явцад болдог хэвийн үйл ажиллагаа гэж ойлгож байгаа.
-Тавантолгойн гэрээг хэзээгээр хэлэлцэх бол?
-Засгийн газар Тавантолгойн асуудлыг дахин өргөн барих ёстой. Тэгэхээр Засгийн газар хэзээ өргөн барихаас асуудал шалтгаална. Ер нь бол маш богино хугацаанд Тавантолгойн асуудлыг ярих бололцоогүй юм. Тиймээс энэ удаагийн чуулганаас буцсан гэсэн үг. Хэрэв Засгийн газар өргөн баривал намрын чуулганаар асуудлыг ярих нь тодорхой.
-МАН-ын 6 сайдыг огцруулах асуудлыг танай бүлгээс гаргаж тавих уу?
-УИХ-ын дарга чуулганыг хааж хэлэхдээ ирэх 8 дугаар сарын 3-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, үлдэж буй гол хуулиудыг болон Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ гэлээ. Тиймээс энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж ойлгож байна. Одоогоор би тэр энэ оруулж ирнэ гэж хэлж чадахгүй байна. Засгийн газарт чиглэл өгсөн байгаа. Ерөнхий сайд асуудлыг оруулж ирэх ёстой гэж ойлгож байна.
-Хэрэв МАН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарвал бусад намуудтай зөвшилцөх үү?
-Одоогийн Засгийн газар олон намуудын нэгдэл. Тэгэхээр бусад намуудтай ярьж таарах байх.