Ганцаардсан ч гандан буурахгүй
Г.Баярсайхан гишүүн 2008, 2012 оны сонгуулиар Чингэлтэй дүүргээс дараалан сонгогдсон. Улаанбаатар хотын төвийн дүүргээс хоёр удаа дараалж сонгогдоно гэдэг хийсэн ажилтай, хэлэх үгтэй байгаагийн шинж. Дээрээс нь бусад намын хамгийн шилдэг, нэр хүндтэй гэсэн улстөрчидтэй өрсөлдөж байгаа тохиолдолд бол үнэхээр бахдам.
Үүнийг л дурьдахад түүний хэр амжилттай ажиллаж байгаагийн нэг том илэрхийлэл. Г.Баярсайхан гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар хоёр жил ажилласан.
Энэ хугацаанд тэрээр Хүнсний тухай хуулийг УИХ-аар батлуулснаар хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эрх зүйн орчин тодорхой болсон. Энэ бол амжилт. Нэгэн үе хувь хүн хилээр хүнсний бүтээгдэхүүнийг дураараа оруулж, юу хамаагүй авчирдаг байсан. Одоо бол байдал шал өөр болсон. Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолдог болсон гэх мэт маш хэрэгтэй заалтууд орсон. Өөр нэг магтмаар зүйл нь урт нэртэй хуулийг өөрөө санаачилж, батлуулсан хүн.
Мэдээж хамт санаачлаад, боловсруулалцсан гишүүд цөөнгүй байгаа. Гэхдээ гол хүн нь Г.Баярсайхан гишүүн. Харин эдийн засгийн хямралыг далимдуулаад нөхдүүд усны сан болоод ойн сан бүхий газар олборлолт явуулахгүй, болохгүй гээд өөрчлөхөөр дайрсан. Тэр үед өөрийн байр суурин дээрээ бат байж чадсан хүн нь тэр. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд хамт санаачилсан хүмүүс нь өөрийнхөө байр сууринаас ухарч, ухах талд нь дэмжээд явж байсан талаар Г.Баярсайхан гишүүн өөрөө хэлж байсан. Тэрээр сүүлд Ноён уул тойрсон асуудалд ч гэсэн ард түмний л талд байсан.
Ер нь байгаль орчин сүйдэж байгаа нь манай улсын гол тулгамдсан асуудал. Энэ тал дээр тэмцэх, хамгаалах төрийн түшээд хэрэгтэй. Тэгвэл энэхүү шаардлагад зүй ёсны тэнцэх нь хүн Г.Баярсайхан гишүүн байж чадсан юм. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах гэж үзэж байх үед түүнд Засгийн газраас, Ерөнхий сайдын зүгээс, уул уурхайн компаниудаас янз бүрийн лобби ирж байсан гэж ойрын эх сурвалжууд нь хэлж байлаа.
Тэр ч битгий хэл мөнгө төгрөг ч амлаж байсан гэсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө санаачилж батлуулсан хуулийг хэвээр нь үлдээх тал дээр хатуу байр суурьтай байж чадсан. Харамсалтай нь түүнийг байнгын хорооны даргын албаа өгсний дараа Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан.
Тэрээр Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Чингэлтэйгээс хоёр удаа сонгогдсон, түмний итгэл даасан төрийн түшээ. Ардын нам Чингэлтэй дүүрэгт дандаа нэр хүндтэй улстөрчдөө өрсөлдүүлдэг бол Ардчилсан нам залуу улстөрчдөө явуулдаг гэж ойлгож болно. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2008 онд өрсөлдөж байсныг эс тооцвол шүү дээ. Харин “начин”-гаа баталж чадсан нь Г.Баярсайхан гишүүн болохоор ирэх жилийн сонгуулиар жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх боломжтой. Болзлоо ч хангачихсан. Гэхдээ ирэх сонгуулиар ч гэсэн Чингэлтэй дүүрэгтээ өрсөлдөхөө ил тодоор илэрхийлж яваа хүн. УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Манай Чингэлтэйнхэн тоггүй байна” гэж ирээд тойргийнхоо ард иргэддээ санаа тавьдаг түүнд дүүргийн иргэд нь үнэхээр ам сайтай. Тиймдээ ч хоёр удаа сонгогдож, ард түмнийхээ төлөө ажиллаж чадаж байгаа болохоор Чингэлтэй дүүргээс дахиад сонгогдохгүй гэх газаргүй. Тэгэхээр түүний ирээдүйг сайнаар харж болно.