Засаг төр тогтвортой байх ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.08.03

Засаг төр тогтвортой байх ёстой

-УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэнгүй. Иймд УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзаж, байр суурийг нь тодрууллаа.

 -Бие даагчид өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийгээгүйн шалтгаан юу вэ?

-Бид чуулганаар хэлэлцэх асуудлуудын материалыг бүрэн хүлээн авч, түүндээ тулгуурласан дүгнэлт хийж байж хэвлэлийн бага хурлаа хийж ирсэн. Харин өнөөдөр бидэнд Өршөөлийн тухай болон Эрүүгийн тухай хуультай холбоотой материалууд ирээгүй байна. Материалууд бүрэн ирсэн тохиолдолд уламжлал ёсоороо мэдээллээ хийнэ.

-Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Засаг төр тогтвортой байх ёстой. АН-ын Засгийн газар байна уу, МАН-ын Засгийн газар байна уу аль эсвэл хамтарсан нь байна уу гэдэг бол асуудал биш. Харин засаглал тогтвортой байх ёстой гэдэг дээр бид хатуу байр суурьтай байгаа.

-Зургаан сайд огцорсон тохиолдолд бие даагчид засагт хамтрах уу. Тухайлбал, таньд Хөдөлмөрийн сайдын урилга ирсэн гэсэн яриа байна?

-Энэ яриаг би сонссон. Ямар нэгэн болзолоор кнопоо худалддаг явдлыг зогсоох ёстой. Би Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө л байх болно. Хөдөлмөрийн сайдын албан тушаалыг С.Ганбаатарт өгчихсөн юм шиг, нөгөөх нь авчихсан юм шиг яриад байгаа шүү дээ. Надад сайдын албан тушаал өгч болно. Харин өгсөн өдөр нь би эргүүлээд С.Чинзориг сайдад буцаагаад өгөх болно.

-Эрүүгийн хууль хаврын чуулганаар нэлээд маргаан дагуулсан. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд энэ хуулийн төсөл ороод ирлээ. Хуулийн төслийн юуг нь дэмжиж, бас ямар заалтыг нь дэмжихгүй байна вэ?

-Шаардлагатай материалыг хүлээзнэсэн байдалтай байна гэж түрүүнд хэллээ. Эрүүгийн хуулийн хувьд миний бие эсрэг байр суурьтай байгаа. Учир нь, бизнес эрхэлж буй иргэдэд асар хүчтэй дарамт учруулах нөхцөл байдал үүсгэхээр байгаа. Эцсийн дүндээ ажлын байрыг Засгийн газар, үйлдвэрчин хоёр бий болгодоггүй. Бизнес эрхлэгчид ажлын байрыг бий болгодог. Тэднийг ажлын байр бий болгох боломжоор хангах үүднээс энэхүү хуулинд тодорхой өөрчлөлтийг тусгаач ээ гэдэг дээр Ц.Оюунбаатар гишүүнтэй хамтарч хэвлэлийн бага хурал хийсэн. Одоогоор өөрчлөлт орсон гэх материал гар дээр ирээгүй байна. Санал болгосон өөрчлөлтүүдийг тусгасан тохиолдолд байр сууриа эргэж харах болно. Мөн Өршөөлийн тухай хууль өнөөдөр хүртэл надад ирээгүй байна. Зөрчлийн тухай хуулийн зарим материал дутуу байна. Эдгээр материалыг хүлээж авсан үед тулхтай мэдээлэл хийнэ.