Зуслангийн замын ажил 10 дугаар сарын 30-нд дуусна
Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр зам, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох ажил, Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Хамгийн эхэнд хойд зуслан чиглэлийн зам буюу Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвар - Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьт - Хандгайт чиглэлийн 16.35 километр авто замын ажилтай танилцав. Тус замыг 1982-1985 онд барьсан бөгөөд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл урсгал засвар болон шинэчлэлтийн ажил огт хийгээгүй юм. Хойд зуслан чиглэлд суурьшлын бүс ихээр үүссэн бөгөөд зуны улиралд өдөрт 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Энэ замыг өргөтгөн шинэчилснээр замын техник ашиглалтын түвшин дээшилж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.
Энэ үеэр нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотод энэ жил авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Эдгээр замын ажлын явцтай нийслэлийн удирдлагууд танилцаж, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг сонсож шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Шадивлангийн уулзвараас Шарга морьтын уулзвар хүртэлх зам бага зэрэг асуудалтай байна. Учир нь уг замын ойр орчимд айл ихтэй, байнгын хөдөлгөөнтэй, зам барьж байх үед хажуугаар нь шинэ зам гаргах боломжгүй. Тиймээс замыг хөдөлгөөнтэй үед нь өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хамт хийж байна. Дараагийн нэг асуудал бол хайрга, дайрганы карьер хүндрэлтэй байна. Мөн газар чөлөөлөлт бага зэрэг асуудалтай байгаа юм. Анх зам шинэчлэх бүсэд 280 орчим айл өрх өртөхөөр ярьж байсан. Одоо газар чөлөөлөх шаардлагатай 10 айл үлдсэн. Эдгээр айл өмчлөлийн газраа 300, 400 сая гэхчилэн санаанд орсон үнээ хэлж байна. Гэхдээ бидний ажлыг ойлгож, нааштай хариу өгч, тохиролцож чадна гэдэгт итгэж байгаа юм. Тиймээс айлуудад нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх тал дээр анхаарна” гэлээ.
Зам барилгын ажлыг шуурхай зохион байгуулах үүднээс таван багц хэсэгт хувааж шууд гэрээгээр гүйцэтгэж байна.
Багц-1 Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто зам. Гүйцэтгэгч "Тэгш Плант" ХХК болон "Эрдэнэ зам" ХХК-ний түншлэл
Багц-2 Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км авто зам. Гүйцэтгэгч "Төгс зам" ХХК
Багц-3 Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто зам. Гүйцэтгэгч "Наранбулаг-Хан" ХХК
Багц-4 Шаргаморьтын 50 урт метр төмөрбетон гүүрийн барилгын ажил. Гүйцэтгэгч "Мотор Сервис" ХХК
Багц-5 Авто замын гэрэлтүүлэг болон авто замын трасст орсон 0.4 - 10 кВ-ын ЦДАШ зөөх ажил гүйцэтгэх юм. Эдгээр зам энэ оны 10 дугаар сарын 30 гэхэд ашиглалтад орно гэдгийг гүйцэтгэгч компаниуд хэлж байв.
Үүний дараагаар нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, бусад холбогдох албаны хүмүүс Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 километр автозам, 48.6 урт метр хайрцган дам нуруутай төмөр бетон гүүр, 9.58 урт метр хавтан дам нуруутай төмөр бетон гүүр болон 20 урт метр төмөр зам доогуурх жижиг тэрэг гарах нүхэн гарцны барилга угсралтын ажилтай танилцлаа. Уг авто замын ажлыг “Оч наран” ХХК, төмөр бетон гүүрийг “Тэргүүн саруул зам” ХХК, нүхэн гарцыг “Туулын гүүр далай” ХХК-иуд тус тус гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 55 хувьтай явж байна. Тус замыг энэ оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 20, 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замын барилга угсралтын ажилтай танилцав. Энэхүү замын ажлыг “Үйлсийн зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 30-нд хүлээлгэн өгнө гэдгээ хэллээ.