Хятадын эзэмшлийн, хятад жолоочтой, монгол номертой машинууд
2015.08.04

Хятадын эзэмшлийн, хятад жолоочтой, монгол номертой машинууд

Уншигч та бүхэнд Монголын Дорно хязгаараас манай уншигчийн ирүүлсэн нэгэн захидлыг хүргэж байна. 

Миний бие 2015 оны 7 сарын 21-24-ны хооронд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймаг болон Улиастай хошуунд хувийн ажлаар яваад ирлээ. Монголын Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод очлоо.

Тэнд би тосны тээврийн машинуудыг хараад ихэд гайхсан. Учир нь Монгол дугаартай тээврийн машинууд тос тээвэрлээд Бичигтийн боомтоор БНХАУ-ын Аршаанбулаг гэдэг газарт Хятад улсын “Петро чайна Дачин тамсаг” компаний тос буулгах цэгт хүрч ачаагаа буулгада юм байна.

Тос ачсан машиныг дагаж явахдаа монгол машин Хятадын нутагт 160км нэвтэрдэг гэж бодсон минь эндүүрэл болохыг мэдэв. Жолооч нь хятад хүн, машин нь хятад компаний эзэмшил гэнэ. Үүнийг хараад их уур хүрлээ. Манай  зам тээврийн яамныхан яагаад Хятадын машинд улсынхаа дугаарыг зүүлгэх болов. Яагаад монгол жолооч нараа гадуурхав, яагаад монгол компани тээвэр хийж болохгүй гэж, ийм хууль байдаг юм болов уу гэж гайхаж байна.

Ингээд Монголын ард түмэнд, тэр тусмаа тээврийн компаниудад, жолооч нартаа хандаж энэхүү бусармаг зүйлийг нүдээр харсанаа дуугүй өнгөрөөж төвдсөнгүй дуулгах харуулах хэрэгтэй гэж бодлоо. Энэ байдал хятад компанид худалдагдсан дарга нарын хийж буй үйлдэл болов уу. Ийм хууль батлагдаагүй л байлтай. Ийм зүйлийг харсан монгол хүн бухимдахгүй байхын аргагүй. Хамгийн эмгэнэлтэй нь бидний эрх ашгийг хамгаалах нэрээр төрийн байгууллагад зөөлөн сандалд шигдэгчид мөнгөний боол болжээ. Энэ тээвэр ганц бичигтээр бус Дорнодын Баянхошуугаар бас адил явж байгааг нэмж хэлэх хэрэгтэй. БНХАУ-ын Эрээн хотод газрын тос боловсруулах үйлдвэр бос ч байгаа.