Нуусныг илрүүлэх хууль
2015.08.07

Нуусныг илрүүлэх хууль

Өнгөрсөн баасан гарагт УИХ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлав.

Бид эдийн засгийн ил тод байдал гэж ярьсаар багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд ил тод байдал, нээлттэй, хүртээмжтэй гэдэг үгсэд бид их л дуртай болсон учир Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль гэхээр сөрөг гэхээс илүүтэй эерэг сэтгэгдэл төрнө. Үнэндээ энэ хуулийн талаар эртнээс ярьж эхэлсэн юм.

Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа “энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан” гэж хэлж байв.

Хуулийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт ил тод, тэгш шударга байдал бий болж, татварын бааз суурь өргөжнө. 

Харин МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “Санхүүгийн реформ хийхгүйгээр, өөрөөр хэлбэл нэг гараанаас эхлэхгүй бол Монгол Улс цаашаа явахгүй. Хууль гарснаар санхүүгийн системийг зөвөөр ашиглах, компани, хувь хүн, иргэд өөрийн хөрөнгө, эд баялгаа өсгөх бүх бололцоо бий болно. Бизнес эрхлэгчид, пүүс, компаниуд ажлаа шинээр эхэлнэ. НӨАТ-ын хуулийн татварын буцаан авалтаар иргэн, аж ахуй нэгж яалт ч үгүй татвараа төлдөг тийм байдал  руу очих ёстой. Бизнес эрхлэгчид том зах зээлээс мөнгө босгох гэхээр анхнаасаа буруу гаргачихсан тайлан баланс нь чөдөрлөөд байна. Хууль батлагдсанаар цаад утгаараа татварын нөхцөл байдал сайжрах юм. Улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдсэнээр тулгараад буй хямралаас хурдан, хохирол бага амсан гарах боломж бүрдэнэ” гэжээ.

Энэ хуулийг голлон лоббидсон хүмүүс нь Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Б.Наранхүү нар юм.

Хууль санаачлагчид хууль батлагдсанаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Хүлээгдэж буй үр дүн

Хуулийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт ил тод, тэгш шударга байдал бий болж, татварын бааз суурь өргөжнө. Хамгийн чухал үр дүн нь эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц үнэн зөв тоон мэдээлэлтэй болох явдал юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв  тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Дээрх хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөл батлагдах өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158, 158-ийн 1, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарна.

Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.