Тодорхой зорилгод хөтлөгдсөнөөс ийм хууль гарлаа
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.08.11

Тодорхой зорилгод хөтлөгдсөнөөс ийм хууль гарлаа

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталсан. Батлагдсан өдрөөсөө эхэлж мөрдөгдөх уг хуульд МАН-ын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэсэн ч АН олонхоороо түрий барин баталсан гэх.

Уг хуульд Сангийн сайдын албыг хашиж байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль тийм ч сайн болсонгүй гэх яриа байна. Та энэ хуультай танилцсан байх. Зарим гишүүний яриад байгаа шиг хуудуутай заалтууд олон байгаа юм уу?

 -Ил тод байдлын тухай хууль батлагдах үндсэн шаардлага нь далд эдийн засгийг ил болгох зорилготой байсан. Харин батлагдсан хуулийн маань үндсэн зорилго өршөөл үзүүлэх болж хувирлаа. Эдийн засгаа ил болгохын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт дэмжлэг үзүүлдэг л дээ. Тухайлбал, орлогоо нуусан, татвараас зайлсхийсэн үйлдэлд нь ял оноохгүй байх явдал. Энэ бол том дэмжлэг өршөөл юм. Мөн татвараа төлөөгүйгээс үүдсэн алданги, хүү торгуулиас чөлөөлөх нь томоохон дэмжлэг. Дэлхийн хөгжилтэй орнуудад үндсэн татвараа тодорхой хувь зааж, үе шаттайгаар төлж барагдуулах, төр ард иргэд, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолтой хослох хувилбараар хэрэгждэг. Харин манайд бүгдийг нь хавтгайруулж, өршөөл үзүүллээ. Энэ нь хүнд хэлэхэд сайхан сонсогдох боловч цаанаа эдийн засгийн сөрөг үр дагавар бий болгох вий гэж болгоомжилж байна.

 -Тодруулбал?

 -Татвараа хуулийн дагуу төлж байсан, хуулиас бултаж байгаагүй, шударгаар татвараа төлж байсан аж ахуйн нэгжийн урмыг хугалсан алхам боллоо. Энэ нь эргээд ойр ойрхон Татварын өршөөлийн хууль гарахыг хүлээх сөрөг хандлагыг эдийн засагт бий болгочих вий дээ. Ер нь Татварын өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргадаггүй. Тэр тусмаа 2007 онд батлагдсан үр дүнд би эргэлздэг.

 -Яагаад?

 

-Нэг жишээ дурьдахад хууль батлагдахын өмнөх болон дараа жилийг харьцуулаад үзэхэд аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын хэмжээ буурсан дүн байдаг. Тиймээс энэ асуудлыг нухацтай авч үзэж, хандах ёстой байсан. Дэндүү яарч, хөнгөн гоомой хандаж, тодорхой зорилгод хэт хөтлөгдсөнөөс ийм хууль гарлаа гэж сэтгэл дундуур байна.

 -Өмнөх хуульд хамрагдсан аж ахуйн нэгж компаниудыг яагаад олон нийтэд зарладаггүй юм бэ. Өршөөлд хамрагдаж байсан компаниудыг энэ удаагийн хуулийн үйлчлэх хүрээнд оруулахгүй гэж болдоггүй юм уу. Ийм ялгаа зааг байх ёстой юм шиг ээ?

 Ил тод байх ёстой. Хэдийгээр ил зарлахгүй байгаа ч нийгэмд нууц зүйл байдаггүй. Өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хэн нь татвараа төлсөн, төлөөгүйг мэдэж байгаа. Тиймээс үүнийг нууцлах шаардлагагүй. Ил тод байх нь илүү сургамжтай. Хууль батлахдаа харамсалтай нь тэгсэнгүй. Нууцлахаар хууль баталчихлаа.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд төрийн өндөр албан тушаалтантай болон ХОМ-тээ холбоотой заалтууд хасагдсан. Энэ нь хуулийг чамбайруулж байгаа гэж тайлбарлаж байна лээ?

 -Хууль сайжраад байсан зүйл байхгүй. Урд өмнө нь бүрдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчилж мөрдөхийг зөвшөөрсөн заалт юм. Хуулийнхаа заалт бүрийг нарийн сайн үзвэл бүх зүйл тодорхой байгаа.     

 -Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганаар баталж амжих уу?

 Энэ хуулийг гурван жил гаруй хугацаанд ярьж байгаа. 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа гэрээндээ энэ хуулийн үзэл санаа, агуулгыг тохирсон. Түүнийгээ хууль болгож гаргах асуудал нэлээд удааширлаа. Одоо энэ хууль батлагдаж гарах байх.