Хамтарсан үзүүлэх сургууль зохион байгуулжээ
2015.08.14

Хамтарсан үзүүлэх сургууль зохион байгуулжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны алба хамтран Ханх, Монды боомтод ”Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулжээ.

Үзүүлэх сургуульд баруун бүсийн аймгуудын хилийн боомт дахь алба, хэлтсийн улсын байцаагчид, Онцгой байдлын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ДЭМБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Ханх, Монды боомтын хил, хяналтын байгууллагын 60 хүн оролцсон байна.

 

Хил дамнан халдварлах хүний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хоёр улсын мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаархи илтгэлүүдийг хэлэлцэн, Ханх боомтод Коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол, ОХУ-ын Монды боомтод тарваган тахал өвчний уушигны хэлбэрийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрхэн шуурхай хариу арга хэмжээ авах талаар үзүүлэх сургууль хийлээ. Энэ сургалт, үзүүлэх сургууль нь хоёр улсын мэргэжлийн байгууллагын хооронд 2013 онд байгуулсан “Нутаг дэвсгэрийн ариун цэвэр, хамгааллын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг”, 2010 онд байгуулсан “Хүн амын эрүүл ахуй, халдвар судлалын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, туршлага солилцох, хил дээр нийгмийн эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авах арга барил эзэмшүүлэх, боомтуудад ажиллаж байгаа улсын байцаагчдын мэдлэг, чадавхийг дээшлүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.