Ус, дулааны төлбөрөө нягтлаарай
ШӨХТГ-аас шалгалтаар нэр бүхий компаниуд хэрэглэгчдийн эрхийг зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан нь тогтоогджээ.
Хувийн орон сууц ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК /УБДС/-тай "Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах" гэрээ хийсэн ч, гэрээнийхээ зарим заалтуудыг зөрчин ашиглалтын зардлыг оршин суугчидтай харилцан тохиролцож гаргалгүйгээр авдаг байжээ. Тухайлбал "Тэлмүүн орд” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр сард нэг өрхөөс 2800 төгрөг, “Богд асар” ХХК ус дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг, “Бадамлах нар” ХХК насос тог нэрээр 2475-11,000 төгрөг “Батбуян дулаан” ХХК 11,000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК 2600 төгрөг сар бүр илүү авч байжээ. Мөн "Тунамал өргөө" компани орон сууцны халаалт доголдолтой үед иргэдээс дулаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байсан зөрчил илэрсэн байна.
Айл өрхийн халаалтын төлбөр тооцох талбайг холбогдох журмаараа орон сууцны талбайн хэмжилтийг барилга зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниуд хэмжиж тодорхойлох ёстой байдаг байна. Гэтэл Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд өөрсдөө хэмжилт хийж, тухайн байрны эзнээр тогтоосон талбайн хэмжээгээ хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулалгүй дулааны төлбөрийг авч байсан зөрчил гарчээ. Энэ мэтчилэн иргэдийн эрх ашгийг удаа дараа зөрчсөн дээрх үйлдлүүдээ ирэх есдүгээр сар гэхэд арилгаж, иргэдийг хохиролгүй болгохыг шаардсан албан бичгийг ШӨХТГ-аас компаниудад хүргүүлж эхэлжээ. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол ШӨХТГ-аас шүүхэд хандахаа мэдэгдлээ.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Батбуян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11,000 төгрөг авсан. Баянгол, Баянзүрх дүүргийн олон хэрэглэгчээс авч байсныг тогтоож есдүгээр сарын 1 гэхэд хууль бус үйлдлээ зогсоох, иргэдийн хохирлыг барагдуулах улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн. Компанийн зүгээс өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг хэллээ.
"Ургах наран", "Нүхт вилла", Баянгол дүүргийн 12 айлын орон сууцны хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажлыг явуулсан байна.