Н.Энхболд: Ёс зүйн дүрэм гишүүнийг өөртөө хяналт тавихад тусалдаг байх учиртай
УИХ-ын дэд дарга Н.Энхболд
2008.12.04

Н.Энхболд: Ёс зүйн дүрэм гишүүнийг өөртөө хяналт тавихад тусалдаг байх учиртай

УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль дууслаа. УИХ-аас хэлэлцэхээр төлөвлөсөн томоохон асуудал юу байна вэ?

-Төлөвлөсөн олон асуудал бий. Эдийн засгийн хөгжлийг хурдасгах ашигт малтмалын томоохон ордуудыг хурдан эргэлтэд оруулахтай холбогдсон асуудлуудыг шуурхай хэлэлцэх шаардлага байна. Оюутолгойн гэрээний төслийг хэлэлцэх гэхэд л Засгийн газраас шалтгаалах зүйл бий. Засгийн газар холбогдох компаниудтай УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу гэрээ хэлэлцээрээ хийгээд ойрын хугацаанд оруулж ирэх учиртай. Ямар шийдвэр гаргахыг УИХ мэднэ. Уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийг зохицуулсан эрхзүйн актуудыг боловсронгуй болгох хэрэгтэй. Миний хувьд эдгээр асуудлыг юуны өмнө хурдан шийдвэрлээсэй гэж бодож байна. Төлөвлөгдсөн олон асуудлыг чухал биш чухал гэх зэргээр ялгаж болохгүй л дээ. Үүний зэрэгцээ төсвийн хүрээний мэдэгдэлд дараа жилийн төсөв ямархуу зохиогдох вэ гэсэнтэй холбоотой асуудал орж ирнэ. Хаврын чуулган завсарлаад гишүүд тараад явчихна. Намрын чуулган эхлээд хамгийн эхэнд хэлэлцэх асуудал төсөв шүү дээ.

-Оюутолгойн гэрээний төслийн зэрэгцээ Таван толгойн асуудлыг оруулах боломжтой гэсэн байр суурийг Засгийн газар илэрхийлсэн. Хоёр толгойн асуудалд заавал дэс дараалал байх уу?

-Хаврын чуулган засварлахаас өмнө Засгийн газар Тавантолгойн ч асуудлыг оруулаад ирвэл хэлэлцмээр байгаа юм. Түүнээс биш Оюутолгойг заавал өмнө нь хэлэлцэнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй. Амьдралд хэрэгтэй асуудлаа дараалал харгалзахгүй хэлэлцээд шийдвэрээ гарахгүй бол болохгүй.

-Иргэн бүрт хишиг хүртээхэд зайлшгүй зохицуулалтыг бий болгох “Эх орны хишиг сан”-гийн асуудал юу болов?

-Уул уурхай, ашигт малтмалтай холбоотой асуудлыг зохицуулах асуудал дотор эх орны хишиг сангийн эрхзүйн байдал давхар яригдах учиртай. Үүнгүйгээр өнөөдөр уул уурхайгаас олсон ашгийг иргэн бүрт хүртээх гэдэг боломжгүй. Хишиг хүртээхийг хэдийгээр ярьж буй боловч нарийндаа ийм журам, хуулийн дагуу, ийм арга хэлбэрээр олгоно гэсэн заалт байхгүй бол болохгүй. Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд эрт орой хэзээ нэгэн цагт оруулна. Түүнээс наана ” эхлээд стратегийн ордуудаа эргэлтэд оруулъя, тэгээд хуулиа батална” гээд зүгээр сууж байж таарахгүй шүү дээ. Бид орлого хувиарлах арга замаа тогтоосон тодорхойлсон байхад алдах зүйлгүй. Эдгээр асуудлыг энэ хаврын чуулганаар цогцоор шийдвэрлэх юмсан. Бүгдийг нь биш юм гэхэд ядаж гадаадын хөрөнгө оруулагчдад дохио өгөх асуудлыг шийдэх учиртай. Түүнээс биш битүү хатуу зүйл ярьж суугаад цаг алдмааргүй байна.

-УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг баталсан. Гол санаанууд юу байв. Тодруулахгүй юу?

-Улстөр төлөвшихөд УИХ хариуцлагатай ажиллахад, УИХ-ын гишүүнээр хариуцлагатай хүн сонгоход нэлээд зөв чиглэл болсон зүйл гэж УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэлж болно. Парламентын түүхэнд анхных юм. Тиймээс алдсан, оносон цаашид засаж залруулах зүйл гарахыг үгүйсгэхгүй. Нэгэнт УИХ дүрэм баталсан учраас хэрэгжүүлж, мөрдөж ажиллах ёстой. Дүрэм батлагдсаар гишүүдийн хойноос хэн, хаана юу хийв гэж мөшгиж мөрдөөд явах биш хамгийн түрүүнд гишүүдэд зөвлөгөө өгөх, хууль зүйн ийм орчинд ажлана, ийм дүрэмтэй шүү гэдгийг ойлгуулах, цаашлаад сануулах, анхааруулах гээд шат дараалалтай явна. УИХ-ын гишүүн өөртөө хяналт тавьж ёсзүйгээ баримталж явах төлөвшлийг бий болгох учир зорилго бас бий. Ашиг сонирхлын зөрчилтэй бол яах вэ гээд ялгаж салгасан зүйл нэлээд байгаа.

-Ёс зүйн дүрэм яригдаж эхлэхэд төрийн өндөр албан тушаалтнуудыг хамрахаар байсан. Гэтэл батлагдахдаа зөвхөн УИХ-ын гишүүдэд хамааралтай болж хувирсан. Учир шалгаан юунд байв?

-Анх УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм гэж орж ирээд дараа нь хэлэлцүүлгийн явцад нэлээд өргөжөөд Засгийн газрын гишүүдээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудыг хамрахаар яригдаж байснаа батлах үед нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдэд хамаарахаар болсон. Зөвхөн гишүүд ч биш төрийн албан тушаалын хэн ч байсан ёсзүйтэй ажиллах учиртай. Мөн хэд хэдэн салбарын төрийн албаныхны ёсзүйг зохицуулах актууд бий. Засгийн газар гэхэд Ерөнхий сайд нь УИХ-ын өмнө танхимынхаа гишүүдийн өмнөөс хариуцлага хүлээх гэдэг ч юм уу, шүүхийнхэн ерөнхий зөвлөл гэж мэргэжлийн болоод ёсзүйд анхаарал хандуулдаг байгууллагатай байх жишээтэй. УИХ-ын гишүүд ярилцаж байгаад иймэрхүү зүйлүүд байгаа учраас зөвхөн гишүүдэд хамааралтай байхаар баталсан. Гадаадын олон оронд парламентын гишүүний Ёс зүйн дүрэм бий.

-Та ажлын хэсгийн ахлагч байсан. Гадаадынхнаас багагүй туршлага судалсан гэсэн. Ёс зүйн дүрэм бусад оронтой харьцуулахад хаахна нь явна вэ. Боломжийн дүрэм болсон гэж үзэж байна уу?

-УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг батлахаас өмнө олон орны парламентын гишүүний Ёс зүйн дүрмийг судалсан. Нарийн заалт харьцангуй ховор. Хүний үзэл бодол, байр суурь, хүмүүжил, боловсролтой холбоотой асуудал хүртэл ямар нэгэн байдлаар ордог учраас ерөнхий байдлаар заалт оруулахаас аргагүй бололтой юм билээ. Гэхдээ боломжийн дүрэм болсон гэж дүгнэдэг.

-Дүрэм мөрдөгдөхөд Ёс зүйн дэд хорооны асуудал холбогдоно. Бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орох эсвэл эрх мэдэл нь нэмэгдэх зэрэг асуудал гарах уу?

-Одоо Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэн батлах гээд дүрмийн төсөлтэй танилцаж байна. Хаврын ээлжит чуулганд багтаагаад хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Учир нь нэлээд асуудал нь УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэлэлцэх үед яригдсан учраас харьцангуй хугацаа хэмнэнэ. Гэхдээ танилцаж байхад Ёс зүйн дэд хорооны дүрэмд эргэж хармаар засаж залруулмаар зүйл байна. Ёс зүйн дэд хорооны зохицуулалт хийх албан ёсны баримт бичиг нь дүрэм болох ёстой. Ямар боловч одоогийн ажиллаж байгаа Есзүйн дэд хорооны бүрэлдэхүүн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болох байх.

-УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэлэлцэн батлах үед зарим заалт нь холбогдох хуулийн заалтуудтай давхацлаа гэсэн санал, шүүмжлэл гарч байсан?

-Тийм зүйлийн нэлээд хэсгийг хассан. Хуульд байгаа учраас оруулахгүй гэх амархан. Гэтэл хүндрэл гарна. Хуулийн дагуу арга хэмжээ авах нь тодорхой байгаа гээд Ёс зүйн дүрэмд асуудлыг оруулахгүй үлдээхээр шийдвэрлэж болохгүй дунд нь завсардаж үлдэх зэрэг завсар гарч болохоор юм билээ. Хуульд орсон зүйлийг давхардууллаа гэж гишүүд шүүмжилж байсан. Манайхаас олон жилийн туршлагатай парламенттай орнуудын гишүүдийн Ёс зүйн дүрмийг нь үзэхээр хуульд байгаа зүйлийг арай зөөлөн хэлбэрээр дүрэмд тусгасан нь ажиглагддаг. Ямар боловч гишүүд маань тал бүрээс сайтар нягтлан нь ярилцаж байгаад Ес зүйн дүрмээ баталсан.

-Ёс зүйн доголдол гаргасан гишүүнийг шийтгэхийг урьтал болгохгүй алдаа гаргуулахгүйн тулд зөвлөх , ингэж болохгүй гэсэн ухамсарыг төлөвшүүлэхэд бас нэг зорилго нь оршиж байна гэж ойлгож болох уу?

-Ер нь тийм зүйл бий. Ёс зүйн алдаа гаргасан нь тогтоогдвол авах арга хэмжээний талаар дүрэмд туссан. Тухайлбал сануулах, анхааруулах, олон нийтэд хандсан мэдэгдэл гаргах, цалингийнх нь хэмжээг тодорхой хувиар хасах, эсвэл чуулганы нэгдсэн чуулганд суух эрхийг тодорхой хэмжээгээр түдгэлзүүлэх зэрэг заалт бий. Цаашлаад ноцтой ёсзүйгээс хэтэрсэн хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал байна гэж үзвэл шат дараалсан арга хэмжээ авах заалтууд төсөл дотор бий. Гэхдээ л агуулга нь гишүүддээ өөр өөртөө хяналт тавихад нь туслах талаас нь илүү анхаарсан учиртай дүрэм. Ёс зүйн дэд хорооны дүрэм ч тэндээс гарах шийдвэрүүд ч үүнд чиглэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.