Цэцэрлэгийг моодноос гаргах боломж байна
2015.08.22

Цэцэрлэгийг моодноос гаргах боломж байна

Наймдугаар сарын 15-наас эхлээд хаа сайгүй хүүхдийн цэцэрлэгийн гадаа багахан шиг найр наадмын дайтай хөл хөдөлгөөн бий болдог. 

Одоо ч эхэлчихээд байна. Өдөр шөнөгүй урт дараа­лалд зогсох эцэг эхчүүдийн туйлын зорилго хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх. Уг нь энэ бол төр засгийн юун түрүүнд анхаарлаа хандуулж, хариуцан шийдэх үүрэгт ажил.

Бусад улс оронд хүүхдийн цэцэрлэг, сургуулийг хэдийнэ шийдсэн байдаг. Харин манайд эцэш эхчүүдийн танил талын нүүр, хэтэвчний хэмжээ, аз од бүгдийг шалгасан том асуудал болоод удаж байна.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 20 орчим хувь нь цэцэрлэгт багтахгүй үлддэг учраас аргагүй шүү дээ. Ямар сайндаа бүртгүүлсэн хүүхдүүдийнхээ дунд сугалаа явуулж цэцэрлэгт орох азтай хүүхдийг шалгаруулах болчихоод байх вэ дээ. Энэ арай л хэтэрсэн дүр зураг, аргаа барсан шийдвэр юм.

Бараг л өдөр бүр шахуу зочид буудал, баар, зоогийн газар сүндэрлэж байгаа хэр нь цэцэрлэг, сургуулийн барилга баригддаггүй гажиг тогтолцоо байна. 

 

Бараг л өдөр бүр шахуу зочид буудал, баар, зоогийн газар сүндэрлэж байгаа хэр нь цэцэрлэг, сургуулийн барилга баригддаггүй гажиг тогтолцоо байна. Цэцэрлэг хүрэлцээгүйгээс хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ цоожлогдон үлддэг. Энэ бол зөвхөн хүрэлцээгүй байшин барилгын тухай бус хүүхдийн эрүүл мэнд, амь насны асуудал юм. Өнөөдөр Монголын төр засаг иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн тод жишээ энэ.

90 МЯНГАН ХҮҮХЭД ХАМРАГДАЖ, 15 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247,104 хүүхэд байгаагаас 61,585 мянга буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь, нийслэлд 74,900 хүүхэд бай­гаа­гаас 21,400 буюу гур­­ван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өм­нөх боловсролын үйлчил­гээнд хамрагдаж чадахгүй байгаа судалгаа бий. Өнгөрсөн жил энэ тоо тодорхой хувиар нэмэгдсэн гэж байгаа.

Тиймээс ч эдгээр хүүхдийг хараа хяналтаас гадуур үлдээхгүйн тулд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Одоогоор энэ хуулийг хэрэгжүүлэх тодорхой бэлтгэл, зохион байгуулал­тын ажил хийгдэж байна. Хамгийн гол нь ирэх оны төсөвт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцад 50 тэрбум төгрөг суулгаж чадвал ирэх оны эхнээс ажил хэрэг болох юм.

Хууль хэрэгжээд эхэлбэл 90 мянган хүүхэд хамрагдаж, 15 мянган ажлын байр бий болох тооцоог ч хууль санаачлагчид гаргасан байгаа. Мэдээж өнөөх цэцэрлэгийн гадаа дугаар­лаж хонох том ажил үгүй болж, хагас сая төгрөгт хүрээд байгаа хандив, хахуул буурна. Тиймээс хүүхдээ аюулгүй газар, найдвартай хүнд үлдээчихээд санаа амар ажлаа хийх боломжтой болох эцэг эхчүүд, хүүхдээ хараад ажил хийж чадахгүй гэртээ суугаа ээжүүд Хүүхэд харах үйлчилгээг хурдан хэрэгжээсэй гэж хүлээж байна. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаман дээр Хүүхэд харах үйлчилгээний журам боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлжээ. Тэд журмаа боловсруулахдаа хэрхэн яаж ажиллах, ямар зохицуулалт хийж энэ үйлчилгээг хэрхэн үр дүнтэй байлгах тал дээр анхаарч байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

ХҮҮХДЭЭ ХҮНЭЭР ХАРУУЛАХ УУ, ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨХ ҮҮ ГЭДЭГ НЬ ЭЦЭГ ЭХИЙН СОНГОЛТ

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд сар бүр улсаас нэг хүүхдийн 116 мянган төгрөг өгөхөөр хуульд заасан. Гэхдээ энэ мөнгөөр хүүхдийн хоолны мөнгө, хүүхэд харагчийн цалинг хамтад нь тавина гэвэл ёстой байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг юм болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодруу­лахад “Улсын төс­вөөс зарцуулдаг мөн­гөний 33,600 төгрөг нь хоол­ны мөнгө байдаг. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн өдөртөө идэх хоолны мөнгийг улсаас даахгүй. Харин тухайн хүүхэд харж байгаа иргэний цалин­гийн зардлыг олгоно.

Хүүхдээ хооллох нь эцэг эхийн үүрэг. Тэгэхээр хүүх­­дийнхээ хоолны мөнгө болон бусад хэрэг­лэг­дэх эд зүйлсийг эцэг эхчүүд өөрсдөө гаргах ёстой болно.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд сар бүр улсаас нэг хүүхдийн 116 мянган төгрөг өгөхөөр хуульд заасан. 

 

Хоолны мөнгө болон бусад гарах зардлуудыг эцэг эхчүүд нэмэлт төлбөр маягаар өгөх ёстой болно. Нэгэнт улсаас татаас өгч байгаа учраас дэндүү өндөр төлбөр нэхэж болохгүй байхаар зохицуулалт хийхийн тулд эцэг эхийн төлбөрийн дээд хэмжээг тогтооно. Бидний тооцоогоор 100 мянгаас хэтрэхгүйгээр байх болов уу. Өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгүүдээс ялгагдах онцлог нь энэ” гэсэн юм.

Тэгэхээр улсын цэцэрлэг шиг үнэгүй явуулахгүй, хувийн цэцэрлэг шиг өндөр төлбөр төлөхгүй, харин бага хэмжээний төлбөр төлөөд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг энэ хууль олгож байгаа юм.

Эцэг эхчүүдийн санааг зовоож буй бас нэг зүйл нь хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүний биеийн болоод сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал юм. Өнөөдөр хүмүүсийг айдас хүйдэст автуулсан аймшигтай хэргүүд олонтаа гарах болсноос үүдэн хүүхдээ итгэн үлдээх хүнийг хэрхэн таньж, сонгож гэрчилгээ олгох юм бол гэдэг чухал асуудал.

Ерөөсөө хүүхэд харах үйлчилгээний хамгийн чухал зүйл ч  гэж хэлж болно. Одоогоор хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь хэд хоногийн сургалтад хамрагдах нь тодорхой болоогүй байгаа ч дор хаяж 14 хоногийн сургалтад хамруулахаар яригдаж байгаа юм байна. Энэ сургалтаар хүүхэд асрах, хамгаалах, хүүхдийн эрүүл мэнд, хооллолт болон хүүхэд хүмүүжүүлэх талын мэдлэгийг богино хугацаанд олгоно гэж аж­лын албаныхан мэдээлсэн.

Мэдээж хүүхдээ хүнээр харуулах уу, цэцэрлэгт өгөх үү гэдэг нь эцэг эхийн сонголт. Мөн итгэж сонгосон хүндээ хяналт тавьж, үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд өөрсдөө л хариуцлагатай байх ёстой. Хуульд эцэг эхийн хяналтаас гадна МХЕГ, ХАХНХЯ-ны хүүхэд гэр бүлийн ажилтан, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан хяналт тавина гэж тодорхой заажээ.

ЭМЭГТЭЙ ГИШҮҮД 50 ТЭРБУМЫГ БАТЛУУЛНА

Төсөв нь батлагдаж хүүхэд харах үйлчилгээ эхлэхэд УИХ дахь эмэтэй гишүүд чухал үүрэгтэй ажиллаж байгаа. Тэд ХАХНХЯ-ны төсөвт 50 тэрбум төгрөг оруулах ажлыг хариуцаж байна.

Мөнгөндөө тааруулаад орон нутагт квот хуваарилах учир энэ мөнгийг хасч тануулах­гүй улсын төсөвт суул­гаж чадвал гурван сарын дараа цэцэрлэгт хамрагдаж чадаа­гүй хүүхдүүдээ энэ үйлчилгээнд хам­руулах боломжтой болно. Тиймээс гэртээ цоожтой үлдэж буй бяцхан үрсийнхээ хувь заяаг өөрч­лөх чухал шийдвэрийг эрхэм гишүүд маань гаргана гэдэгт итгэж хүлээх л үлдлээ. 

“Энэ бол цоо шинэ зүйл биш. Өнөөдөр хүн болгон хөгшдөөрөө хүүхдээ харуулж байгаа. Манай ээж өдөрт дөрвөн ачаа хараад сууж байна. Харин энэ үйлчилгээ нэвтрүүлснээр олон мян­ган ахмадуудын нуруу тэнийнэ. Бусад улс орнуудад хуульчлагдсан хүүхэд харах үйлчилгээ­­гээр хүүхдээ харуул­даг. Цаашдаа 1-3 нас­ны хүүхдүүд энэ үйлчил­гээ­гээр, 4-5 насны хүүхдүүд цэцэрлэгээр хүмүүждэг тийм систем тогтох ёстой гэж бид харж бай­гаа. Ирэх жилийн наймдугаар сар гэхэд эцэг эхчүүдийн цэцэрлэг гэсэн толгойны өвчин арил­сан байх болно гэдэгт итгэлтэй байна” гэж хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярьсан юм.

Хүүхэд харах үйлчилгээг анхнаас нь хууль журмын дагуу зөв явуулж чадвал модонд авирч, хаданд гартлаа моодонд орсон цэцэрлэгийн асуудал ирэх жил хэний ч толгойг өвтгөхгүй болох тун ойрхон байна даа.