Шилдэг 35 оюутныг гадаадад сургана
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Монголын шилдэг 35 оюутныг олон улсын тэргүүний их дээд сургуульд Төрийн сангийн зээлээр сургах шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.
Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2015-2016 оны мөрийн хөтөлбөрт “Өрсөлдөх чадвартай Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Уг хөтөлбөрт Монголын шилдэг 300 гаруй оюутныг дэлхийд тэргүүлэгч их, дээд сургуульд суралцах боломжийг бүдүүлэхээр тусгаж, 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. 2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй иргэн өрсөлдсөнөөс 86 оюутан шалгаруулжээ. Эдгээр оюутны 60 орчим хувь нь инженер, технологийн чиглэлээр, үлдсэн хэсэг нь анагаах ухаан, байгал орчин, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлээр суралцаж байгаа юм.
2015-2016 оны хичээлийн жилд Төрийн сангийн зээлээр олон улсын их сургуульд суралцах зорилгор 165 хүн өрсөлдсөн. Үүнээс 65 нь Төрийн сангийн зээл авах болзлыг хангасан байна. Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд 35 оюутныг гадаадын их дээд сургуульд сургах болжээ. Үүнд 4.2 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэхүү хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд оруулахыг БСШУ-ны сайд болон Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид даалгалаа хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Тэрбээр, “Үлдсэн 30 хүнийг гадаадад сургахад шаардагдах хөрөнгө болон бусад асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Зээлээр суралцах оюутнууд өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалан Төрийн сантай гэрээ хийдэг. Их сургуулиа төгссөний дараа эх орондоо ажиллаж, гэрээгээ бүрэн биелүүлсэн тохиолдолд салбар хариуцсан сайд нь тухайн зээлээс чөлөөлдөг. Энэ бол Монгол хүнийг дэлхийд өрсөлдөх чадвартай болгоход чиглэсэн томоохон алхам юм. Цаашдаа жил бүрийн төсөвт 100 дээш оюутныг гадаадын шилдэг их дээд сургуульд суралцах зардлыг суулгаж байхыг салбарын сайдуудад даалгасан” гэв.