УИХ-ын гишүүн Л.Болд ANNI- ийн уулзалтад оролцов
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.08.27

УИХ-ын гишүүн Л.Болд ANNI- ийн уулзалтад оролцов

Ази Номхон Далайн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалт /АDF/ өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Чуулга уулзалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү уулзалтын хүрээнд өчигдөр Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааг хянах иргэний нийгмийн сүлжээ / АNNI/-ний уулзалт болсон байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд оролцож УИХ Белградын зарчим, Парисын зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар танилцуулжээ. Тэрээр “...Улсын Их Хурал Белградын зарчмыг батлахад идэвх санаачилгатай ажилласан. Бусад улс орны парламенттай харьцуулахад Хүний эрхийн үндэсний байгууллагатай хамтран ажиллаж байгаа сайн туршлага байгаа” хэмээн онцолсон.

Уг уулзалтаар Монгол дахь хүний эрхийн байгууллагуудын үйл ажиллагаа болоод сайн туршлагын талаар, Хүний эрхийн үндэсний байгуулагуудын хараат бус байдал, хамтын ажиллагаа, үйл ажиллагааны үр нөлөө гэх мэт асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцлоо. Түүнчлэн “...Ардчилал бол хүний эрхтэй салшгүй холбоотой. Тэр утгаараа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ жил Ази Номхон Далайн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалт зохион байгуулагдаж байна" гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Уулзалтын үр дүнг Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалтад танилцуулдаг юм байна.