Хүний эрхийг хамгаалагчид чууллаа
2015.08.22

Хүний эрхийг хамгаалагчид чууллаа

“Хүний Эрхийн Хөгжлийн Төлөөх Азийн Форум” , “Хүний Эрх Хөгжил” төв болон “Нээлттэй Нийгэм Форум”-аас хүний эрхийн хамгаалагчдыг дэмжих үндэсний сүлжээ бий болгох зорилгоор  “Хамгаалалтын механизмын асуудлаарх хүний эрхийг хамгаалах” үндэсний зөвөлгөөнийг зохион байгууллаа.

"Глоб Интернэшнл төв" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал "Өнөөдрийн зөвлөгөөнд нийслэл болон орон нутгийн 40 гаруй  хүний эрхийг хамгаалагчид оролцож байна. Хүний  эрхийг хамгаалагчид гэдэг нь хүний төлөө ажиллаж буй иргэн, байгууллагыг хэлдэг. Зөвлөгөөний үеэр хүний эрхийг хамгаалах явцад ямар бэрхшээл тулгардаг  талаар ярилцсан.

Тухайлбал 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг сурвалжилсан 5 сэтгүүлч тархиндаа гэмтэл авч байсан. Онц байдалд сэтгүүлчийг ажиллуулахад хамгаалах малгай, хувцсаар хангадаггүй, ажлын багаж хэрэгслээ хамгаалах боломж байдаггүй талтай. Иймээс хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах механизм шаардлагатай байна” гэв.

Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын эрх ба үүргийг хүлээн зөвшөөрсөн, тэднийг хамгаалахад чиглэсэн хууль эрхзүйн орчин дутмаг байдаг аж. Үүнээс болж хүний эрх хамгаалагч өөрсдөө заналхийлэлд өртөх зэргээр үйл ажиллагаанд саад учирдаг байна. Иймд тус зөвлөгөөнд оролцогчид  үндэсний сүлжээ байгуулахыг дэмжиж, хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг бэхжүүлэх явцад учирч буй саад бэрхшээлийн талаар санал бодлоо солилцжээ.