Эмэгтэйчүүдийн байр суурь социализмын үеэс дордсон
- Адилхан ажил эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин ялгаатай байгаа талаар судлаачид ярьдаг. Энэ та юу хэлэх вэ?
Адил ажил, адил цалин гэдэг зарчим бол жендэрийн хөгжлийн цөм асуудал. Хэрэв адилхан ажил хийж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай цалин авч байвал том гажуудал. Цалингаар ялгаварлан гадуурхах нь эмэгтэй хүн амжиргааны хэвийн эх үүсвэртэй байх эрхээ хасуулж байна гэсэн үг. Цаашлаад нийгэм, эдийн засгийн олон салбарт эрхээ хэрэгжүүлэхэд саад болдог. Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн эмэгтэйчүүдийн цалингийн асуудал тулгамдсан хэвээр байгаа.
1990 оноос өмнө Монгол улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин ажлынхаа нөхцлөөр ижил байсан нь тэр үеийн тогтолцооны хамгийн том ололт байлаа. Социалист Монголд ирж байсан гадны судлаачид, зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ тухай мэдээд бараг алгаа ташж, Монголыг магтдаг байсан. Хамгийн хэцүү асуудлыг танайх шийдчихсэн байна гэж хэлдэг байлаа.
Харамсалтай нь зах зээлийн нийгэмд шилжиж аж үйлдвэр бараг үгүй болсны дараа дээрх эрхийг хамгаалах тогтолцоо устсан гэж болно. Иргэн хүнийхээ хувьд хэлэхэд манай улсын улс төр, эдийн засаг тэр чигээрээ баян эздийн гарт орчихсон байгаа. Ард түмний бодол санаа, үнэт зүйлс ч багагүй өөрчлөгдсөн. Нийгэм судлалын нэр томъёогоор илэрхийлвэл эцгийн эрхт ёс ихэд сэргэсэн. Эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийг социализмын үед байснаас өөрөөр хардаг болсон. Үүний хор уршгуудын нэг нь цалингийн ялгаа. Тэмцэх хэрэгтэй. Яагаад гэвэл Монгол улс олон улсын хүний эрхийн 40 гаруй конвенцид нэгдэж үүрэг хүлээсэн.
- Энэ удаагийн парламентад эмэгтэй гишүүд өмнөхөөсөө олон болсон. Эмэгтэй гишүүд илүү шударга байж чаддаг гэж үздэг. Таны бодлоор парламентын эмэгтэйчүүдийн бүлэг хэр сайн ажиллаж байна вэ?
Эмэгтэй гишүүдийн квот гэж ярьдгийг та бүхэн мэднэ. Парламентын гишүүдийн дор хаяж 30 хувь нь эмэгтэй байх ёстой гэж судлаачид ярьдаг нь хий хоосон агаараас авчихсан тоо биш шүү дээ. 12 эмэгтэй гишүүн парламентад ажиллаж байгаа энэ нөхцөлд тэд ямар нэгэн асуудлаар нэгдмэл байр суурьтай байсан ч шийдвэрт дорвитой нөлөөлж чадахгүй.
Өөр нэг зовлонтой юм бий. Цөөхөн эмэгтэй гишүүд маань голдуу намын нөлөөн дор парламентад орсон. Нам өнөөдөр яаж даварсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Намын саварт орсон хүн нийтлэг эрх ашгийг хамгаалах чадваргүй. Намын нэрээр гарч ирсэн эмэгтэй бодлогын асуудлаар зарчмын байр сууриа хамгаална гэдэг бараг л боломжгүй.