Монголд эрүүдэн шүүх, албадан нүүлгэлт, бэлгийн чиг баримжаа, жендэрт суурилсан алагчлал байсаар байна гэж үзжээ
Хүний эрх
2015.02.26

Монголд эрүүдэн шүүх, албадан нүүлгэлт, бэлгийн чиг баримжаа, жендэрт суурилсан алагчлал байсаар байна гэж үзжээ

'Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа. Тус байгууллага дэлхийн 160 орны 2014 оны хүний эрхийн төлөв байдлыг тусгасан, 2015 оны хүний эрхийн хандлагыг уг тайлан тусгажээ.

Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти өнгөрсөн оныг олон сая хүний хувьд хүчирхийлэлд нэрвэгдсэн аймшигт жил байсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөргөлдөөний эсрэг авч буй олон улсын арга хэмжээг үндсээр нь өөрчлөхгүй бол хүмүүнлэгийн хямрал, зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдэж буй зөрчил, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн эсрэг хийж буй халдлагуудад энгийн иргэд олноор өртөх эрсдэлтэй байгааг Эмнести Интернэшнл анхааруулж байна.

Эмнести Интернэшнл дэлхий даяарх хүний эрхийн төлөв байдалд хийсэн үнэлгээндээ үндэслэн дэлхийн удирдагчдыг Засгийн газар, зэвсэгт бүлэглэлүүдээс явуулж байгаа хэрцгий хүчирхийллээс иргэдийг хамгаалах, мөргөлдөөний өөрчлөгдөж буй байдалтай тэмцэх арга хэмжээ яаралтай авахыг шаардаж байгаа юм байна. Мөргөлдөөнийг олон улсын нийгэмлэгүүд зохицуулж чадахгүй байгаагийн эмгэнэлт нэгэн үр дагавар бол дүрвэгсдийн асуудал гээд үүн дээр Сирийн дөрвөн сая дүрвэгч хүчирхийлэл, хавчлагад нэрвэгдсээр байгааг жишээ татсан байна.

Хамгийн багадаа 35 оронд буюу таван улс тутмын нэгд нь ЗЭВСЭт бүлэглэлүүд хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ. Уг тайланд 2014 онд хичнээн Засгийн газар аюулгүй байдлын төлөө нэрийн дор дарангуйллын болон хахир арга хэрэглэснийг  тусгасан нь олон хүний анхаарлыг татсан аж.

."Дэлхийн II дайны үеийнх шиг аймшигт явдлыг дахин үзэхгүй байхыг баталгаажуулахын тулд 70 жилийн өмнө НҮБ байгуулагдаж байсан. Одоо үлэмж их дүрвэгсдийн хямрал, олныг хамарсан хүчирхийллийг бид харж байна. Өдгөө цаг хугацаа биднийг шахамдуулж байхад үр дүнтэй шийдлүүдийг олж чадахгүй байсаар байна. Дэлхийн удирдагчид яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жил ч мөн хүний эрхийн төлөв байдал тун баргар байхаар байна” гэж уг тайланд дурджээ.

Энэ тайланд Монгол Улсын талаар хэд хэдэн таагүй зүйлс багтжээ. Монгол Улсад цагдан саатуулах газарт эрүүдэн шүүх болон зүй бус харьцаа өргөн тархаж, албадан нүүлгэлт үргэлжилсээр, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, жендэрт суурилсан алагчлал байсаар байна гэж үзжээ. Түүнчлэн манай улсыг орогнол хүсэгчдийг хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад албадан буцаасан тухай уг тайланд дурдсан байна.

Эмнести Интернэшнлийн тайланд Монгол Улсыг дараах байдлаар хүний эрхийг зөрчсөн байна гэж үзжээ.

ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭХИЙН ТУЛД ЦАХИЛГААН БОРООХОЙГООР ЦОХИУЛСАН ГЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Эрүү шүүлт болон зүй бус харьцааг ялангуяа хэрэг хүлээлгэхийн тулд хэрэглэх нь хүний эрхийн ноцтой асуудал хэвээр байна. Хорих, цагдан хориход баривчлагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж, зүй бус харьцсан хэрэгт сэжиглэгдсэн цагдаа, хорихын хянагч нарыг үр дүнтэй мөрдөн шалгаагүй ба хариуцлага тооцоогүй байна. Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нэгдүгээр сард татан буугдсан. Уг Мөрдөн байцаах алба нь байцаалтын явцад хүчээр мэдүүлэг авсан гэх цагдаа, прокурор, шүүгчийн эсрэг гомдлыг мөрдөн шалгах үүрэгтэй байсан. Гэтэл Монгол Улсад эрүүдэн шүүх болон зүй бус харьцсан хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгах болсон нь ийм төрлийн хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах хараат бус механизм дутагдаж байгааг харууллаа.

Хоёрдугаар сард Архангай аймгийн цагдан хорих төвд хоригдож байхад нь хэрэг хүлээлгэхийн тулд цахилгаан бороохойгоор цохиулж, зодсон хэмээн гурван иргэн Монголын Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ. Тэдний нэг нь хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэж, зургаан хоног хоолгүй хорьсон хэмээн мэдүүлжээ.

Архангай аймгийн цагдаа- гийн хэлтэс энэ хэргийг мөрдөн шалгасан бөгөөд эрүүдэн шүүж, хэрцгий, хүнлэг бусаар харьцсан талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

ДОЛДУГААР БИЧИЛ ХОРООНЫ ИРГЭДИЙГ ОРОН ГЭРЭЭС НЬ АЛБАДАН НҮҮЛГЭСЭН

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд шаардлага хангасан орон байр, цэвэр ус, эрүүл ахуйн нөхцөл зэрэг үндсэн үйлчилгээгээр хангагдаж чадахгүй байна. Улаанбаатар хотын долдугаар бичил хорооллын зарим иргэдтэй зөвлөлдөж, эсхүл хууль зүйн хамгаалалт, баталгаа өгөлгүйгээр 2007 онд орон гэрээс нь албадан нүүлгэсэн ч, амласан орон сууцаа олгоогүй байна.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АМЬДАРДАГ ИРГЭДЭЭ АЛАГЧИЛДАГ

Жендэр, бэлгийн чиг баримжаа болон хөгжлийн бэрхшээлд суурилсан ялгаварлан гадуурхалт байсаар байна. Тэр дундаа хөдөө, орон нутагт амьдардаг ядуу, нийгмээс гадуурхагдсан эмэгтэйчүүдийг алагчлан үзэх жендэрийн ялгаварлал байна. Лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүсийн эсрэг халдлага, дайралт, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хуулиндаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт эрэгтэй хүн болон хөвгүүнийг хохирогч гэж тодорхойлоогүйгээс эрэгтэй хохирогчдод шаардлагатай эмчилгээ сувилгаа, нөхөн олговор авах, шүүхэд хандах, гомдлоо барагдуулахад нь бэрхшээл тулгарч байна.

ӨВӨР МОНГОЛЫН ОРОГНОЛ ХҮССЭН ХОЁР ИРГЭНИЙГ БНХАУ РУУ АЛБАДАН БУЦААСАН

2014 оны тавдугаар сард Өвөр Монголын өөртөө засах орны орогнол хүссэн хоёр иргэнийг БНХАУ руу албадан буцаажээ. Тухайн үед НҮБ-ын Дүрвэгсэди"йн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас тэдний нэгэнд дүрвэгчийн статус өгөхөөр шалгаж байсан ч статус тодорхойлох процесс дуусаагүй байхад “non-re-foulement” зарчмыг зөрчин албадан гаргаж, хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад шилжүүлэн өгчээ гэжээ.