Д.Бадамцэцэг: Эрчүүд хамгийн их хүчирхийлэлд өртдөг газар бол цагдаагийн байгууллага
Д. Бадамцэцэг Монголын эрэгтэйчүүдийн холбоог байгуулж байхад олон хүн шоолж инээж байв
2015.02.24

Д.Бадамцэцэг: Эрчүүд хамгийн их хүчирхийлэлд өртдөг газар бол цагдаагийн байгууллага

Сүүлийн жилүүдэд "Жинхэнэ монгол эр хүн хаачив" гэсэн эрэл хайгуул нийгмийн сэтгэл зүйд бий боллоо. Гэхдээ үүний шалтгааныг олохын тулд "Монголд эрчүүдээ гэсэн бодлого байна уу" гэсэн асуултаас бүх ажлаа эхлэх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Эрчүүдийн нийгмийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага болох Монголын эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д. Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Танай холбоо өнгөрсөн хугацаанд эрчүүдэд зориулж ямар ямар ажлыг зохион байгуулав? 

Манайх 2003 оны гуравдугаар сард долоон эрэгтэй, найман эмэгтэй гишүүнтэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлагдаж байсан юм. 2008 онд шийдвэр гаргах түвшний эрчүүд буюу УИХ, Засгийн газар, Аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг оролцуулсан “Эрэгтэйчүүдийн анхдугаар чуулган”- ыг хийж байлаа. Энэ чуулганаас жендерийн тэгш эрхийн тухай хуулийг батлах, эрчүүдийн эрүүл мэндийн судалгааг хийх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гэсэн зөвлөмжүүд гаргасан.

Энэ бүхнээс Жендерийн тэгш эрхийн тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулийн хэлэлцүүлгийн үед манай холбоо УИХ-ын гишүүдэд ил захидал явуулсан юм. Энэ захидлаас манай УИХ-ын гишүүд жендер гэдэг чинь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш гэдгийг ойлгосон гэхэд хилсдэхгүй. Мөн манай холбоо ирээдүйн аав нартаа зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, дэргэдээ хөвгүүдийн клубтэй болсон. Одоогоор 35 сургууль дээр хөвгүүдийн клуб ажиллуулж байна. 2010 оноос Албадан саатуулах газарт Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв байгуулж, хоригдлуудад мэргэжлийн хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн. Гэхдээ энэ бүх үйл ажиллагааг дан ганцаараа зохион байгуулахад хүндрэлтэй. Тиймээс засгийн газрын тусламж хэрэгтэй байгаа.

- Монголын эрчүүдэд өнөөдөр ямар асуудал тулгараад байна вэ?

Саяхныг хүртэл Монгол ямар ч жендерийн бодлогогүй явж ирсэн. Боловсролын салбарт жендерийн илт гажуудал гарсан. Бага ангид эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн харьцаа ойролцоо байдаг ч ахлах ангиас эхлээд жендерийн баланс алдагдаад эхэлдэг. Их, дээд сургуульд бүр ч илүү. Эрчүүдийн боловсрол хаягдсан. Энэ нь цаашлаад эдийн засгийн амьдралд нөлөөлж эдийн засгийн наад захын мэдлэггүй, гэр бүлээ аваад явах чадваргүй эрчүүд олширсон. Мөн багшлах боловсон хүчний харьцаа алдагдаж эмэгтэй багш дийлэнх болсон. Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй. Монголд эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмч, эмнэлгийн тоо хуруу дарам. Байсан ч тэдгээр нь голдуу бөөрний эмч нар. Харин түрүү булчирхай, төмсөгний хорт хавдар зэрэг улам залуужаад буй өвчлөлөөр мэргэшсэн эмч бараг байхгүй. Жендерийн хууль гарснаар олон салбарт үүсээд байсан жендерийн гажуудлыг олны анхааралд оруулах нөхцөл бүрдсэн.

Эрэгтэйчүүдийн холбоо байгуулагдсан цагаасаа аймаг, хотуудын нэгдсэн эмнэлгийн дэргэд эрэгтэйчүүдийн кабинет байгуулах асуудлыг тавьж ирсэн. Энэ маань үр дүнгээ өгч эрх баригчид нааштай хандаж эхэллээ.

Манай эцэг, эхчүүд хөвгүүддээ маш хайхрамжгүй хандаж ирсэн.  Бараг харгис гэж хэлж болно. Охин хүүхдээ л боловсролтой болгох нь чухал, хөвгүүд хар ажил хийгээд ч амьдарч чадна гэсэн хандлагатай. Эрэгтэй хүүхдийн зан ааш, сэтгэхүйг ойлгодоггүй. Ийм байдал нь шилжилтийн хүнд үетэй давхцаж эрчүүдийн сэтгэл зүйл хүндээр туссан. Гэр бүл нь нээлттэй харилцдаггүй байсан эрэгтэй хүүхэд насанд хүрээд бэрхшээлтэй тулгарахдаа хамгийн амархан сэтгэл нь гутардаг. Үүнээс болж монгол эрчүүд маань архинд живсэн.

Эр хүн л бүхнийг үүрэх ёстой гэсэн хандлага тэдэнд хэтэрхий их дарамт өгч түүнийгээ даахгүй болсон эрчүүд сэтгэлээр гутардаг

Дараагийн нэг асуудал бол эрэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл. Монгол улсын нийт хүн амын 48.4 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ч эрчүүдийн хүчирхийлэлд өртөж байгаа байдлыг судалсан томоохон судалгаа улсын хэмжээнд ганцхан. Эрүүл мэндийн байгууллага НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн энэ судалгаагаар нийт хүчирхийлэлд өртөж байгаа эрчүүдийн 54 хувь нь адил хүйсийнхэн буюу эрчүүдийнхээ хүчирхийлэлд өртдөг, 10 хувь нь дарга нарынхаа, үлдсэн хувь нь гудамж талбайд явж байгаад зодуулдаг, дээрэлхүүлдэг гэсэн судалгаа арсан. Эрчүүд хамгийн ихээр хүчирхийлэлд өртдөгг газар бол цагдаагийн байгууллага. Учир нь хэрэг үүсгэж байх үедээ хийгээгүй хэргийнх нь төлөө ял тулгах гээд “Чи хийсэн гээд хэлчих” гэдэг ч юм уу, эрүү шүүлт тулгадаг асуудал манай улсад их байна. Өнөөдөр хамгийн айхтар нь насанд хүрээгүй хөвгүүдийг эрүүдэн шүүж байна. Гэрчгүй хэрэгт хүүхдүүдийг холбогдуулан өмгөөлөгчгүйгээр байцаалт явуулах асуудлууд гарч байгаа.

Монголын төр уул уурхай, барилга гэх мэтээр нэг салбар луу хэтэрхий хошуурч хүн амын хөгжлийн асуудлаа хаядаг. Гэтэл нөгөө салбарууд нь уналтанд орж олон залуу ажилгүй боллоо. Эрэгтэй хүн ажилгүй болохоор гэр бүл хүнд байдалд ордог.

Түүнээс гадна ахмадууд, түүний дотор хамгийн ихээр эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг хүмүүс бол өвөө нар. Банкнууд дээр жишээ аваад ярихад эмээ нарт илүү урт хугацаагаар зээл олгодог мөртөө өвөө нарт ялгавартай ханддаг. Ганц шил архи, хайрцаг тамхиар сэтгэлийг нь хуурч эцгийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдардаг үр хүүхэд ч олон байна.

- Эрчүүдийн талаархи алдаатай бодлого нь эдийн засгийн амьдралд яаж нөлөөлж байна вэ?

Эрчүүдийн боловсролыг анхаараагүйгээс болж манай эрчүүдийн эдийн засгийн мэдлэг эрс доошилсон. Өрх гэрийн түвшинд аваад үзэхэд хуримтлал, хэмнэлт гэх зэрэг наад захын зүйлийг ойлгодоггүй. Эхнэр, нөхөр хоёр хүнд үе ирэхэд гэр бүлийнхээ санхүүг аваад явчих эдийн засгийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ийм мэдээллийг олгодог тогтолцоо баймаар. Өнөөдөр хямрал болж байна гэж байна. Хүмүүст сөрөг мэдээлэл биш, эдийн засгийн мэдлэг хэрэгтэй байна шүү дээ. Хүнд үед өрхийн эдийн засгаа яаж авч явах талаар ярьж буй хүн алга байна.

Бид 2011 онд Идэр дээд сургуулийн социологийн тэнхимтэй хамтраад НҮБ-ын санхүүжилтаар 1000 хүний дунд эрэгтэй хүний үнэлэмжийн талаар судалгаа хийсэн. Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 77 хувь, эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь монгол эр хүний үнэлэмж алдагдсан гэсэн хариу өгсөн. Үнэлэмж буурсны гол шалтгаан нь нэгдүгээрт архидалт, хоёрдугаарт амьдрах ухааны доройтол. Ялангуяа одоогийн залуучууд амьдрах ухаанд маш муу суралцсан.

Үүнээс гадна улс орны хөгжлөөс хойш татаж байгаа нэг зүйл нь гадаадад эрчүүдийг олноор нь ажиллуулж байгаа явдал. Одоогоос 4-5 жилийн өмнө 15 мянган хүн гадагшаа явах гээд хонон өнжин дугаарлаж байсан. Ихэнх нь эрчүүд. Гэтэл гадагшаа явсан эрчүүд эргээд өвчин тээгээд л эх орондоо ирдэг. Гадаадад байхдаа зүрх судас, бэлгийн замын өвчтэй болдог. Мөн мэдрэлийн ядаргаанд орж байна шүү дээ. Эрэгтэй хүн стресст их орно гэдэг цаашлаад архи уухын үндэс болдог. Архи их уугаад ирэхээр донтох өвчтэй болно. Түүнээс гадна уур бухимдал гээд янз бүрийн өвчтэй болж ирж байгаа. Дээрээс нь бидэнтэй ирж уулздаг олон залуусын ихэнх нь гэр бүлээсээ салчихсан байдаг. Ингээд бодохоор заавал эрчүүдээ гадаад руу явуулах шаардлага байна уу.

Явуулсан ч ХАХНХЯ-аас зохицуулж, гэр бүлээр нь явуулах асуудлыг шийдэх хэрэгтэй. Ялангуяа Солонгос руу эхнэртэй нь явуулбал сайн шүү дээ. Ерөөс манай залуусын гадаад явж байгаа зорилго нь нэг өрөө байр, машин авах. Өөр зорилго байхгүй шүү дээ.

- Эрэгтэй хүн эрхийн асуудал ярих нь ичгэвтэр, жендер бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэсэн буруу хандлагыг ямар байдлаар эвдэж зөв ойлголтыг өгч болох вэ?

Хэвшмэл хандлага амь бөхтэй байсаар байна. Эр муу ч эмийн дээр гэсэн муухай үг ч бий. Түүнчлэн эрэгтэй хүн л гэр бүлийн хамаг хүнд ачааг үүрэх ёстой, ингэж чадахгүй бол муу эр гэсэн жендерийн талаарх гажуу ойлголт газар авсан. Эрэгтэй хүн ачааллаа даахгүй болоод “муу эр хүн” болохоороо сэтгэлээр унадаг, архинд ордог, эсвэл хүчирхийлэгч болдог. Уг нь хэн боломжтой нь гэртээ хүүхдээ хараад байж болно. Норвегид гэхэд эхнэр нь хүүхдээ төрүүлсний дараа үнэхээр ажилдаа орох хэрэгтэй бол нөхөр нь хүүхдээ хардаг. Төрөөс хүүхдээ харсан нөхөрт нь урамшуулал өгдөг гэх мэт. Үүнийг чинь жендерийн эрх тэгш байдал гээд байгаа юм. Харамсалтай нь манайд ийм зүйл алга.

Эр хүн амжилттай, сайн явах нь эмэгтэй хүнээс их шалтгаалдаг. Эмэгтэй хүний уужуу ухаан эрэгтэй хүнийг амжилттай явахад асар их үүрэг гүйцэтгэдэг. Залуу охид бүсгүйчүүд “Хүндэл” гэдэг үгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Эр нөхрөө тахин шүтээд хойноо суулгачихаад ажил хийлгэхгүй өөрөө гүйгээд бай гэсэн үг биш. Хамгийн гол нь орой ажлаасаа ядраад гэртээ ороод ирэхэд нь аятайхан угтах хэрэгтэй. “Ажил төрөл нь яав, гайгүй юу” гээд эрэгтэй хүн ийм үгийг маш их хүсч хүлээдэг. Гэтэл босгоор орж ирэв үү, үгүй юү “Чи мөнгө олж ирсэн үү” гээд л угтдаг. Иймэрхүү үг хэлж эрэгтэйчүүдийг их гомдоодог. Эрэгтэй хүн энэ бүхнийг дотроо бодоод явсаар гэнэтхэн нэг өдөр тэсэрдэг. Зарим эцэг эхчүүд охиддоо “Монгол хар согтуу” юмтай сууж байхаар Солонгос, Хятад, Америк, Герман хүнтэй гэр бүл бол гэж сургаж байна. Сүүлийн хэдэн жилд монгол эрчүүд маань жаахан гундуухан явна.

Тухайн гэр бүлийн гишүүд бүгдээрээ асуудлаа хамтарч шийдэж байвал илүү үр дүнтэй. Манайд болохоор нэг бол эцэг нь бүх юмаа мэддэг, эсвэл эцэг, эх нь бүхнийг шийддэг. Хэрэв хүүхдүүдээ ч гэсэн гэр бүлийн эдийн засгийн асуудлыг шийдэхдээ оролцуулж байвал ирээдүйд нь хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд жендерийн мэдрэмжтэй байна гэдэг маань монгол хаан, хатан ухаан буюу арга билгийн ухаанаар өрх гэр, улс орноо төвхнүүлнэ гэсэн үг шүү дээ.