Эрүү шүүлт бол хүний эрхийн зөрчил төдийгүй гэмт хэрэг
"Эмнести Интернэшнл"
2015.01.06

Эрүү шүүлт бол хүний эрхийн зөрчил төдийгүй гэмт хэрэг

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци батласнаас хойш 30 жилийн хугацаанд даян дэлхийд эрүү шүүлт ямар байгааг харуулсан хэвлэлийн мэдээ

Эрүү шүүлт тулгагчдад зохих шийтгэл оногдуулах нь 

Олон оронд эрүү шүүлт тулгагчид ямар ч ял шийтгэл хүлээхгүй байх нь элбэг байдаг нь тэдэнд баривчлагдах вий, шүүгдэх вий, шийтгүүлэх вий гэж айлгүйгээр ажиллах боломж олгодог. Ийнхүү ял шийтгэл оноохгүй байх нь эрүүгийн шүүхийн тогтолцоо хийгээд хуулийн засаглалыг сулруулдаг. Энэ нь хохирогчдод үнэн мөнийг тогтоож өгөхгүй байна гэсэн үг. Ял шийтгэл оноохгүй байх нь ихэнхдээ улс төрийн хүсэл зориг дутмагаас шалтгаалдаг бөгөөд учир нь төр өөрөө эсхүл цагдаа, цэрэг гэх мэт төрийн байгууллага шууд буюу шууд бусаар эрүүдэн шүүсэн буюу  түүнд хамсан оролцсон байх нь түгээмэл. 

Олон оронд эрүү шүүлттэй холбоотой гомдлыг бүрэн дүүрэн, шударгаар мөрдөн шалгаж чадахгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг хамтран ажилладаг хууль сахиулагчид буюу прокурорууд явуулдагтай холбоотой. Гэм буруутнууд ял шийтгэлгүй үлдэх нь Засгийн газрууд хүний эрхийн асуудлыг дотоодын улс төрийн хөтөлбөртөө нэн тэргүүнд тусгаагүй байх эсхүл зэвсэгт мөргөлдөөний үед хоёр тал гэрээ байгуулахдаа нөгөө талын үйлдсэн хэргийг мөрдөн шалгахгүй, шийтгэл оногдуулахгүй гэж тохиролцсоноос үүддэг. 

Төрийн зүгээс эрүүдэн шүүгчдийг цээрлүүлж чадахгүй байгаа төдийгүй мөрдөн шалгахаас татгалзаж, хохирогчдын хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авахыг хүсдэггүй. Энэ нь Засгийн газар олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргээ гурав дахин зөрчиж байгаа хэрэг бөгөөд олон улсын эрх зүй ёсоор хохирогчид юу болсон талаар мэдэх, шударга үнэнийг тогтоолгох, учирсан хохирлоо боломжтой хэмжээнд арилгуулах эрхтэй. Эрүүдэн шүүгчдийг мөрдөн шалгаж, зохих шийтгэл оноох үр дүнтэй, хараат бус механизм маш чухал. Дээрээс нь хууль тогтоомж, институцид шаардлагатай шинэчлэлийг хийх, ямагт сонор соргог байх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх,  эрүү шүүлтийн тохиолдол бүрт арга хэмжээ авах талаар улс төрийн хүсэл зоригоор түүнийг дэмжих ёстой. 

Кампанит ажлын гол анхаарлаа хандуулах орнууд
Meксик

“Эмнести Интернэшнлийн хийж чадах зүйл бол намайг дэмжиж, бусад бүх улсад Мексикт юу болж байгаа талаар болон Мексикийн эрх баригчдын юу хийж байгаа тухай мэдүүлэх явдал юм”. 

Клаудиа Meдина

2012  оны наймдугаар сарын 07-ны өглөөний 03.00 цагийн үед Веракруз хотод байдаг Клаудиа Meдинагийн гэрт тэнгисийн цэргүүд дайран орж иржээ. Тэд түүнийг орон нутгийн тэнгисийн цэргийн бааз дээр аваачин цахилгаанаар цохиулж, маш их халуун ногоотой соусыг хүчээр амьсгалуулсан бөгөөд дараа нь хөхөрсөн тэмдэг үлдээхгүйн тулд гялгар уутаар биеийг нь ороогоод зодож, өшиглөсөн байна. Тэнгисийн цэргүүд тэр эмэгтэйг хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж буруутгасан боловч Клаудиа тэдний талаар юу ч мэдэхгүй байв. Түүнийг хуурамч мэдүүлэгт уншиж танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулжээ. 

Тэрээр хожим нь Эмнести Интернэшнлд “Хэрэв тэд намайг эрүүдэн шүүгээгүй бол би тэр мэдүүлэгт гарын үсэг зурахгүй байх байсан” гэж хэлсэн юм. Хэдийгээр Клаудиад тулгасан ихэнх хэргийг хэрэгсэхгүй болгосон ч нэг ноцтой хэргийг хэвээр үлдээсэн бөгөөд Засгийн газрын хүчний байгууллага түүнд эрүү шүүлт тулгасан талаархи гомдлыг нь авч хэлэлцээгүй. Шуурхай, бүрэн дүүрэн, шударга мөрдөн шалгах ажиллагааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол үр дүнтэй эмнэлгийн үзлэг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Истанбулын протоколоор эрүү шүүлт ба түүний үр дагаврыг баримтжуулах, мөрдөн шалгах тухай олон улсын цогц зааварчилгааг багтаасан байдаг. 

Эмнести Интернэшнл Мексик улсын Холбооны Ерөнхий прокуророос дараах зүйлсийг шаардаж байна. Үүнд: 

-Клаудиа Meдинад эрүү шүүлт тулгаж,  хүнлэг бусаар харьцсан тухай гомдлыг үр дүнтэй мөрдөн шалгах ажлыг эхлүүлж, үр дүнг нь олон нийтэд зарлаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх
-Мөрдөн шалгах ажлын үеэр НҮБ-ын дэмжин баталсан Истанбулын протоколд нийцүүлэн эмнэлгийн болон сэтгэл зүйн дүгнэлт гаргах,  гарсан үр дүнг Клаудиа Meдинад цаг алдалгүй танилцуулах
-Хохирогчдод хийх эмнэлгийн дүгнэлтийг Истанбулын протоколд нийцүүлэх замаар эрүү шүүлтийн талаархи мөрдөн шалгах ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулах 

Мексик улсад хүчний болон цагдаагийн байгууллагынхан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцаж шийтгэх явдал асар өргөн тархсан бөгөөд буруутай этгээдүүд ял шийтгэл хүлээлгэдэггүй. Хэдийгээр Мексик улс эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцаж шийтгэх явдлаас сэргийлэх, шийтгэх талаар  олон тооны үүрэг амлалт авсан боловч тэдгээр арга хэмжээ нь хангалттай бус бөгөөд ихэнх тохиолдолд тэдгээрийг үл тоомсорлодог. 

Эрүүдэн шүүх явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хууль батлахыг цааргалсаар байгаа бөгөөд эрүү шүүлтийн ачаар олж авсан нотлох баримтыг гэмт хэргийн шүүх ажиллагаанд хэрэглэхээс сэргийлэх тухай хууль мөн батлагдаагүй хэвээр байна. Гэсэн хэдий боловч тус улсын Засгийн газар эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар харьцаж шийтгэх явдал тогтмол гарахаа больсон гэдэгт сэтгэл ханаад байна.