Сургууль, цэцэрлэг хүртээмжтэй болно
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.08.27

Сургууль, цэцэрлэг хүртээмжтэй болно

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  Тэрбээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаас эхлээд их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн талаар хэрхэн мэдээлэл өгснийг доорхоос уншина уу.

Их сургуулиудийн удирдлагууд төлбөрөө нэмсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

 

-Их сургуулиудаас ирүүлж байгаа гол тайлбар юу гэхээр чанартай боловсрол авсан хүнийг нийгэм хүлээж байна. Тиймээс чанартай боловсрол, ялангуяа МУИС-ийн тавьж байгаа асуудал юу гэхээр бид хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэлээ. Олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэсэн хөтөлбөрийг цаашдаа тэр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд нь хадгалахын тулд бидэнд сургалтын төлбөрийн үндсэн бааз хэрэгтэй байна. Олон улсын түвшинд ажиллахын тулд ажиллаж байгаа багш нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баймаар байна, сурах бичиг, лаборатори, сургалтын технологи олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм учраас төлбөр хүрэлцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл чанар өгөхийн тулд нэмэх шаардлагатай байна. Нөгөө талд огцом нэмэгдэж байгаа нэг хэсэг нь багш нараа хадгалах, сургалтынхаа чанарыг хадгалах шаардлагатай байна. Хуучин 40 мянган хүүхэд элсдэг байсан бол өнөө жил 20 мянган хүүхэд элслээ. Элсэгчдийнх нь 50 хувь байхгүй болчихоор тухайн сургууль дээр ажиллаж байгаа багш нараа цөөлөх хэрэг гарч байна. Зарим багш нараа чөлөөлөх ажил зохион байгуулахаар буцаад сайн багш олж чадахгүй. Нөгөөтэйгүүр сайн багш нараа гадагшаа алдах магадлалтай байгаа учраас бид төлбөрөө нэмэхээс өөр арга байхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа.

Эцэг эхчүүд гадаа хонохгүйгээр хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлдэг болоход улсын төсвөөс хичнээн төгрөг шаардлагатай вэ?

 

-30-аад мянган хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Гэхдээ нөгөө талд нь 210 гаруй мянган хүүхдийг цэцэрлэгтэй болгож байна. Ард үлдэж байгаа хүүхдүүд эхний ээлжинд он гараад Хүүхэд харах үйлчилгээний хуулиар өөр, өөрийн гэсэн сургалтын орчинтой болно. Дараагийн ээлжинд концессын 72 сургууль, цэцэрлэгийн комплекс ашиглалтад орох юм бол 2016-2017 оны хичээлийн  жилд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нэг тийшээ цэгцэрнэ. Гэхдээ дахиад 100 мянган хүүхдийн элсэлт гэсэн том тоо хүлээж байгаа.

-Засгийн газрын хуралдаанаар 300 оюутныг гадаад сургана гэсэн. 100 гаруй оюутан явсан. Үлдсэн хүүхдүүдийн тэтгэлэг үргэлжлэх үү?

-Бид дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах хүүхдүүдийн сургалтын тэтгэлэгийг олгож байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг гараад энэ ажил хэрэг болоод явж байгаа. Энэ жил шилдэг 100-д тэнцлээ гэсэн 200 гаруй хүүхэд байсан. Бидний тавьж байгаа тэргүүлэх чиглэлд багтаж байгаа 165 хүүхэд байсан. Үүнээс 65 нь шилдэг 20 сургуульд тэнцсэн байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар ороод нийтдээ 70 хүүхдийн тэтгэлэгийг олгоё гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ жил 35 хүүхдийн тэтгэлэгийг өгчихөөд байгаа. Үлдсэн хүүхдийн тэтгэлэгийг төсвийн тодотголд суулгаад олгоно.

-Хувийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын багшлах боловсон хүчин дээр яамны зүгээс ямар бодлого барьж байгаа вэ. Тухайлбал жуулчны визтэй гадаад хүн орж ирээд дунд сургуульд багшилдаг гэсэн гомдол эцэг эхээс гарч байсан?

 

-Гадаад хэл, гадны хөрөнгө оруулттай сургуульд үйлчлэх дүрэм журмыг гаргасан. Хяналтын ажил бол мэргэжлийн хяналт дээр хийгдэнэ.

-Зарим дунд сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Энэ асуудал энэ жил шийдэгдэж байгаа юу?
 

-Гуравдугаар сургууль 16 дугаар сургууль дээр хичээллэж байсан. Гуравдугаар сургууль ашиглалтад орж байгаа учраас 16 дугаар сургуулийн гурван ээлжийн асуудал шийдэгдэж байна. 31 дүгээр сургууль дээр байсан  11 дүгээр сургууль 10 дүгээр сараас өөрийнхөө байранд орчихно. 73,38,14 дүгээр сургуулийн концесс хийгдсэн. Энэ жил ажил нь эхэлбэл дараа жил ашиглалтад орчихно. Сургууль, цэцэрлэгийн комплекс 13 ашиглалтад орж байгаа.