Намайг огцруулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийднэ
Нийтийн тээврийн үйлчилгээг хувиараа эрхлэгч 20 гаруй аж ахуйн нэгж нийтийн тээврийн шинэчлэлийг эсэргүүцэн нийслэлийн удирдлагуудад шаардах бичиг өгч, ажил хаялт хийнэ хэмээсэн.
Нийтийн тээврийн компаниуд хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа учраас “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга Ц.Одонтунгалагыг огцруулахыг ч шаарджээ.
Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тэрээр тайлбарлахдаа,
-Нийтийн тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн компаниуд ажиллаж байна. Сүүлийн үед төрийн компаниуд парк шинэчлэлт, хүчин чадлаа нэмэгдүүлж үйлчилгээний 60-70 хувийг үзүүлж байна. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн төрийн компани хүчтэй болоход бидний зах зээл хумигдаж байна, Одонтунгалаг бүх юмыг эрх мэдлээ ашиглан авч байна гэсэн ойлголттой байх шиг байна.
Үнэндээ төр өөрийн төсвийн мөнгөөрөө санхүүжилт хийгээд автобусаа аваад иргэддээ үйлчлэх гэж байна шүү дээ. Гэтэл тэрийг миний хэлснээр хувиарладаггүй. Монгол Улсын Төрийн өмчийн тухай хуулиар төрийн төсвийн мөнгөөр төрийн компанийг санхүүжүүлж эд хөрөнгийг нэмэгдүүлэх ёстой болохоос хувийн компанид санхүүжилт, хөрөнгө оруулалт хийж болохгүй. Хувийн хэвшлийнхэн зах зээл нь хумигдаж байна гэж эмзэглэж байж магадгүй.
Миний бодлоор эмзэглэх шаардлагагүй. Бүгд зэрэгцээд ажиллахад зах зээл нь хангалттай байна. Зөв өрсөлдөөнд явах ёстой. Төрийн компанийн захирлыг хувийн компанийн захирлууд огцруул гэх нь шударга бус, ёс зүйгүй байна. Яагаад гэхээр энэ албан тушаалыг төрөөс, нийслэлээс томилдог. Хэрэв миний ажил муу бол Нийслэлийн Засаг дарга үнэлж, дүгнээд огцруулах асуудлыг ярьж болно.
Тэгэхээр энд хувь хувьсгалын бодол санаа, харилцаа байх шиг байна. Нийтийн тээврийн алдаа дутагдлыг ярьж, арилгах, хөгжил дэвшлийг ярихаас илүү хувийн харилцаагаа гаргасан, ёсзүйгүй мэдэгдэл байна лээ.
Одонтунгалаг захирал төрийн компанийг удирдсанаас хойш хүчин чадал, үйлчилгээ нь нэмэгдэж, ажил нь сайжирч байгаа учраас хувийн хэвшлийнхэнд өрсөлдөхөд хүндрэлтэй болгож байгаа юм болов уу гэж би харж байна гэсэн юм.