Соёл урлагийн менежмент "Байкал- 2015" олон улсын сургалт зохион байгуулагдлаа
"Байкал- 2015" олон улсын сургалт
2015.08.28

Соёл урлагийн менежмент "Байкал- 2015" олон улсын сургалт зохион байгуулагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОХУ –ын Дорнод Сибирийн Соёл Урлагийн академи, Монголын соёл урлагийн хөгжлийн академи хамтран “Байкал-2015” Соёл урлагийн менежментийн олон улсын хамтарсан сургалтыг 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ний өдрүүдэд ОХУ –ын Улаан-Үд хот, “Ослик” амралтын баазад зохион байгууллаа.

Онол, практик хосолсон нийт 36 цагийн сургалт, арга хэмжээнд БСШУЯ –ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр тэргүүтэй төв, орон нутгийн соёл урлагийн байгууллагын 50 менежер оролцлоо.

Сургалтыг ОХУ, Солонгос, Монгол улсын менежментийн багш нар   соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц боломж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёлын байгууллагын гүйцэтгэх үүрэг, соёлын маркетинг түүний шинэ хандлагууд зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

ОХУ–ын Буриад улсад Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж буй туршлагатай танилцах бүтээлч аялал зохион байгуулагдсан нь тус сургалт, арга хэмжээний онцлог болсон.

“Байкал-2015” олон улсын сургалт, бүтээлч аялалын тухай нэвтрүүлгийг 8 дугаар сарын27-ны өдрийн 17.30 цагт, Ням гаригийн 18.00 цагт тус тус UBS телевизээр хүлээн авч үзнэ үү.