Намрын цэцэгсийг ичтэл гоёсон сурагчидтай намын дарга М.Энхболд хамт баярлалаа
Хэдийгээр намрын улирал нэлээд хэд хоногийн өмнө ирсэн ч өнөөдөр л жинхэнэ ёсоороо намар болж байх шиг. Ер нь жилийн жилд л ингэж санагддаг байлаа.
Ялангуяа арван жилийн сургуулийн сурагч байх үед минь бүр ч илүүтэй ингэж санагдана. Гэвч бараг л мартаж байсан тэр мэдрэмж, тэр дурсамж өнөөдөр сэргэсэн нь гайхалтай. Учир нь УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотын ерөнхий боловсролын “Хүмүүн” цогцолбор сургууль болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлтүүдэд оролцоход нь сэтгүүлч миний бие сурвалжлахаар томилогдсон нь надад энэ мэдрэмжийг минь сэргээж орхилоо.
Өнгөрсөн шөнө орсон борооны манан Богд уулын оройгоор суунагласан сайхан өглөө Мөнх алдарын талбайн зүг бүрээс намрын цэцэгсийг ичтэл гоёсон сурагч хүүхдүүд цугларах нь сайхан. Хичээлийн шинэ жилээ нээж сургуулийн захирал н.Эрдэнэцэцэг үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ тус сургууль нь БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Цөм” хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн сургуулиар шалгарсныг дуулгаад өнгөрсөн жил БНСУ-ын сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлж 4 багш, 7 сурагч тус улсад очиж туршлага судлаад ирснийг хэллээ. “Хүмүүн” цогцолбор сургуульд энэ жил нэгдүгээр ангид шинээр 240 хүүхэд элсэн суралцаж байгаа бол 10-р ангид 220, төгсөх 12-р ангид 260 хүүхэд суралцаж байгаа ажээ.
Зөв л хүн болоорой
Энэ бол Төв нутгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын нутгийнхаа хүүхдүүдэд хандаж хэлсэн үг. Тэрээр нээлтэнд оролцож хэлсэн үгэндээ “9-р сарын нэгэн гэдэг бол хамгийн сайхан баярын өдөр байдаг. Тэр дундаа анх нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн хувьд үнэхээр сайхан баяр. Энэ жил улсын хэмжээнд 60 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж байгаа.
Эдгээр хүүхдүүддээ бүгдэд нь та бүхний баяр дээрээс давхар баяр хүргэе. Энэ удаад би танай сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар ирсэн. Манай Төв аймгаас төр нийгэм, урлаг, спортын олон мундаг хүмүүс төрөн гарсан байдаг. Харин тэднийг өдий зэрэгтэй болгосон хүмүүс нь багш нар маань юм. Тиймээс багш нартаа ч гэсэн баярын мэнд хүргэе. Та бүхэн хүмүүжилтэй, боловсролтой, зөв бие хүн бий болгох их ажилдаа улам илүү амжилт гаргаарай” гэсэн юм.
М.Энхболд дарга энэ жил Төв аймгийн 27 сумын сургуульд шатрын иж бүрэн танхим нээж өгч байгаагаа энэ үеэр мөн дуулгасан. Үүний эхлэл болгож “Хүмүүн” цогцолборт шатрын кабинет байгуулж байгаа ажээ.
Мэдлэгтэй, боловсролтой эх орныхоо ирээдүй болсон боловсон хүчнийг бэлдэхийн тулд боловсролын байгууллагын материаллаг чанарыг дээшлүүлэх нь маш чухал. Тиймдээ ч УИХ-ын дэд дарга тус сургуульд иж бүрэн хоёр ширхэг компьютер бэлэглэснээ баярынх нь өдөр гардуулан өглөө.
Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургууль энэ жилээс эхлэн “School police” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Ингэснээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа замын хөдөлгөөнд хүүхдүүдээ зөв оролцуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Мөн “Номын сайн нөхөр-Анги хамт олон”-оор 11и ангийнхан шалгарч батламж, дурсгалын зүйлээ гардаж авсан юм.
Нээлтийн үйл ажиллагааны дараагаар тэрээр “Хүмүүн” цогцолбор сургуулийн цэцэрлэгийн болон бага, ахлах сургуулиудаар орж, сурагч багачуудтай уулзаж баяр хүргээд бэлэг дурсгалын зүйл гардуулан өглөө. Ахлах ангийн хүүхдүүдэд биеэ зөв боловсон авч явж, ёс суртахууны өндөр чадвартай, боловсролтой хүмүүс болон улс орныхоо төлөө ихийг хийхийг хүсэв.
Ажлын хамт олон дээрээ бэлтгэлтэй очих хэрэгтэй
Үүний дараагаар УИХ-ын дэд дарга Зуунмод сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нээлтэд оролцлоо. Тус төв нь байгуулагдаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд 60 гаруй багш, 255 суралцагчтай, нийт төгсөгчдийн дийлэнх нь ажлын байраар хангагдаж чаддаг гэдгийг багш нар хэлж байсан юм. М.Энхболд дарга нээлтэд оролцож үг хэлэхдээ багш, ажилчид, суралцагчдад баярын мэндийг хүргээд “Төр засгаас МСҮТ-д хүүхдүүдийг сургах тал дээр нэлээд чухал ажлуудыг 2008 оноос эхлэн хийж эхэлсэн. МСҮТ-д суралцагчид маань төгсөхдөө монголдоо төдийгүй дэлхийд данстай сайн мэргэжилтэн болж төгсөж чадна.
Үүний нэг илрэл нь саяхан болсон Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай нэг залуу токарийн сорилго тэмцээнээс алтан медаль авлаа. Би 2008-2012 оны хооронд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа МСҮТ-ийн чиглэлээр нэлээд ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний цөхөөн жишээ гэвэл МСҮТ-д суралцагсдыг цалин, урамшуулалтай болгосон. Мөн энэхүү боловсролын салбарт хувийн хэвшлийнхнийг оруулах ёстой гэж үзэж байсан. Одоо манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 76 МСҮТ-ийн тал гаруй хувь нь хувийнх байна. Харин дараагийн нэг том амжилт бол МСҮТ-д суралцагсдын эрэлт, нийлүүлэлтийг нийцүүлсэн явдал” гэлээ.
М.Энхболд дарга 2012 онд Мянганы сорилын сангийн хөрөнгөөр МСҮТ-үүдэд техник, тоног төхөөрөмж өгч байжээ. Тэрхүү тоног төхөөрөмжөөр нь өнөөгийн суралцагч нар сургууль дээрээ дадлага хийгээд ажлын байранд очихдоо жинхэнэ мэргэжилтэн болоод очдог байна. Харин УИХ-ын дэд дарга оюутан, суралцагч нарт нэгэн зүйлийг энэ үеэр хэд хэдэн удаа захиж явсан юм. Тэр нь “Зөвхөн сайн мэргэжлээр хүн болохгүй. Ёс суртахууны өндөр чадвартай, хамт олны дунд ажиллах бие бялдар, сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй байх ёстой” гэсэн үг байлаа.
…Навчис улайрч эхэлсэн энэ л өдрүүдэд анх нэгдүгээр ангид элсэн орж байсан бол нэг л мэдэхэд дунд сургууль, их сургуулиа төгссөн байдаг. Цаг хугацаа тийм хурдан. Тиймээс л хүүхэд багачууддаа байн байн захиж хэлсэн УИХ-ын дэд даргын дээрх үгийн чухлыг яасан их ойлгоном.
Есдүгээр сарын нэгэн бол ерөөсөө монголчуудын бүгдийн баяр билээ