Ерөнхий сайд “Макс” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2015.09.07

Ерөнхий сайд “Макс” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Макс” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус цогцолборт импортоор Голштейн үүлдрийн 100 толгой үхэр оруулж ирэн, биотехнологийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлж байна. Одоогийн байдлаар 300 толгой сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн үхэр үржүүлж, 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажиллуулж байгаа бөгөөд улирлын онцлогоос шалтгаалан ажиллах хүний тоо цаашид нэмэгдэх бүрэн боломжтой юм байна. 

Эрчимжсэн мал аж ахуйн цогцолборт 30-35 литр сүүний гарцтай 200 үнээнээс өдөрт 4000 литр сүү бэлтгэн саалийн 305 хоногт 1 220 000 литр сүү үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангаж байна. Фермийн дэргэд 700 гаруй га талбай бүхий тариалангийн талбайтай бөгөөд эндээсээ хүчит тэжээл 600 тонн, дарш 1200 тонн, байгалийн хадлан 500 тонныг бэлтгэн, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлжээ.  

“Макс”  группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Монголчууд 60 орчим сая малтай байж, саяхныг хүртэл сүүгээ гаднаас авч байлаа. Харин бид  энэхүү байдлыг өөрчилж жилийн дөрвөн улирлын турш дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийг сүүгээр хангаж байна. Энэхүү эрчимжсэн цогцолбор ферм  нээлтээ хийснээр цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэж байгаа юм. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь манай компанийн Монголоо гэсэн сайхан сэтгэлийн нэгээхэн хэсэг юм” хэмээн үйлдвэрийнхээ цаашдын зорилгыг тодорхойлж байна.

Монголд мах, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермүүд  байдаг ч тэдний байгуулж буй энэхүү цогцолбор ферм нь ойрын 20 жилд байгуулагдаагүй томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ ялгарч буй юм. “Сүү” ХК өмнө нь сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн шингэн сүүний 80 хувийг хангадаг байсан бол дээрх эрчимжсэн цогцолбор ферм ашиглалтад орсноор нийслэлчүүдийг өвөл зунгүй өндөр чанартай шингэн сүүгээр тасралтгүй хангах боломжтой болно. Мөн үйлдвэрээс гарч буй эцсийн бүтээгдэхүүний чанар ч улам сайжирна гэж Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.