УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, М.Зоригт, Г.Баярсайхан нарыг сайдаар томиллоо
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.09.08. Мягмар гараг/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулахыг дэмжсэн талаарх холбогдох байнгын хороодын санал, дүгнэлтийг тус тус танилцуулав. Нэр дэвшигчдийг нэгбүрчлэн хэлэлцэх явцад гишүүд Монгол Улсын Шадар сайд болон нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгийг томилохыг дэмжих саналыг 93,1 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг томилохыг дэмжих саналыг 87,5 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилохыг дэмжих саналыг 98,3 хувийн саналаар тус тус дэмжиж баталлаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд шинээр томилогдсон сайд нарт баяр хүргэн хариуцсан салбартаа ажлын амжилт гаргахыг хүслээ. Мөн ирэх долоо хоногийн Мягмар гарагт УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авсан хугацаа дуусгавар болох тул чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаан үргэлжлэн хуралдана гэдгийг Улсын Их Хурлын дарга гишүүдэд сануулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.