2011.09.10
Төв аймгийн залуу газар тариаланчдын зөвлөгөөн болов
Зөвлөгөөнийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдын санаачилгаар зохион байгуулсан юм. Газар тариалангийн салбар бол байнга нөхөн сэргээгдэж байдаг гэдэг утгаараа залуу үеийнхнийг энэ салбарт оролцуулж, мэргэшүүлэхийн чухлыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэлж байсан.
Зөвлөгөөний үеэр Төв аймгийн газар тариалангийн салбарын хөдөлмөрийн баатрууд болон гавьяат тариаланчид ирж, залуу тариаланчдад туршлагаасаа хуваалцсан юм.
Орчин үеийн газар тариалангийн хөгжил өмнөх 20 жилийнхээс өөр чиг хандлага руу явж байна. Учир нь цаг уурын өөрчлөлт, технологийн шинэчлэлтийн улмаас газар тариаланчид анхаарах хүчин зүйлүүд ч өөрчлөгдөж байгааг ахмад тариаланчид зөвлөгөөний үеэр хэлж байлаа.
Мөн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх нэг ач холбогдол бол хүнсний эх үүсвэрээ дотоодоосоо бий болгох явдал. Учир нь зөвхөн монголд төдийгүй дэлхий дахинд хүнсний хомсдолын аюул нүүрлэн ирсэн энэ цагт газар тариалангийн салбарын ач холбогдолыг эрдэмтэд өндрөөр үнэлж байна.
Дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрэх судалгаа гарсан энэ цагт Монгол Улс гадаад орнуудаас хүнсний тал дээр хараат бус, бие даасан байдлаа бий болгоход газар тариалангийн салбарын үр нөлөө их юм.
Судалгаанаас харахад монгол улс хүнснийхээ 70-80 хувийг гадаадаас импортлон авч байна.Иймээс энэ үзүүлэлтийг багасгаж дотоодоосоо хүнсний эх үүсвэрээ хангах чухал салбар бол газар тариалангийн салбар мөн.
Иймээс Монгол улсын засгийн газраас газар тариалангийн салбарыг дэмжих ‘’Атрын гуравдугаар аян’’-ыг эхлүүлснээс хойш өнөөдөр сүүлийн 25 жилд авч байгаагүй их хэмжээний ургац хурааснаас гадна ‘’Атрын гуравдугаар аян’’-ы үр дүн 143 хувьтай биелсэн байна. Үүнд газар тариаланчид тэр дундаа залуу тариаланчдын үр нөлөө их юм.
Залуу газар тариаланчдыг дэмжих зөвлөлгөөнийг анх 1959 онд хийж байсан ч сүүлийн үед энэ уламжлал тасраад байсан. Харин залуу газар тариаланчдад үр өгөөжтэй зөвлөгөөнийг сэргээж, эхлүүлж байгаа нь хойч үедээ туршлагаасаа хуваалцах, газар тариалангийн ухааныг өвлүүлэх чухал арга хэмжээ болохыг өнөөдөр зөвлөгөөнд оролцсон Төв аймгийн ахмад тариаланчид онцлон хэлж байлаа.
Зөвлөгөөний үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд залуу тариаланчдад хандан илтгэл тавьснаас гадна, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат ‘’Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал’’, ХААИС-ийн Агро биологийн сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Д.Насандулам ‘’Газар тариалангийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх’’, сэдвээр илтгэл тавьснаас гадна ахмад тариаланчид болон ХААХҮЯ-ны мэргэжилтнүүд ирж залуу тариаланчидтай нээлттэй ярилцлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.