Гурван улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэв
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.09.12

Гурван улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэв

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны /Россельхознадзор/ Дэд дарга, мал эмнэлгийн хяналтын ерөнхий байцаагч Е.А.Непоклоновийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн” 2 дугаар үе шатыг хэрэгжүүлж эхлүүлэх асуудлыг ойрын үед шийдвэрлэх, Монгол Улсаас ОХУ-д экспортлож буй махны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлэг, хорио цээрийн хязгаараа тэлэн, шинэ зах зээл нээж өгөхийг хүслээ. Мөн махны экспортод тавих Евразийн эдийн засгийн комиссын стандарт шаардлагыг Монголд нутагшуулахад техник туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 

ОХУ-ын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий байцаагч Е.А.Непоклонов саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд, дээрх хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын зүгээс ОХУ-ын Сангийн яам, Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанд үүрэг, даалгавар өгсөнөөр хэрэгжилт эхлэх тухай мэдээллээ. 
Түүнчлэн Монголын малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах нь зөвхөн Орос, Монгол хоёр орны асуудал бус хил залгаа БНХАУ-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ өдрүүдэд УБ хотноо зохион байгуулагдаж буй Монгол, Орос, Хятадын Мал эмнэлгийн албадын 5 дугаар уулзалтын үеэр дээрх саналаа дэвшүүлэнэ гэв. Харин техник туслалцааны асуудлаар Монголын мэргэжилтнүүдийг Москва болон Владимир дахь Мал эмнэлгийн институт-д дадлага хийлгэх, аспирантур /доктор/-т сургах бүрэн боломжтой. Мөн Гаалийн холбооны 5 гишүүн оронтой ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.