Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
УИХ-ын дарга З.Энхболд
2015.09.14

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

        Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

        Ардын Их Хурлын депутатууд,

        Улсын Бага Хурлын гишүүд ээ,

        Хүндэт зочид, хатагтай, ноёд оо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ардын Их Хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Монголчууд бид нэг зуун жилийн тэртээ 1914 онд хоёр танхимтай парламент байгуулан ажиллуулж байсан түүхтэй. Түүнээс хойш 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдах эхлэл тавигдсан юм. Энэ бол Монголын улс төрийн хуучин тогтолцоог халж, шинэ ардчилсан тогтолцоонд шилжсэн шинэ үеийн түүхийн эхлэл болж байгаа юм.

Манай улс оронд гарсан ардчилсан өөрчлөлтийн үр дүнд 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуультай болж, түүнээс хойш УИХ-ын сонгуулийг 6 удаа явууллаа. Энэхүү ардчилсан Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу үе үеийн парламент эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна.

Парламентын сонгодог жишигийг улам гүнзгийрүүлэх асуудал нийгмийн харилцааны өөрчлөлт шинэчлэлтэй уялдан гарсаар байна. Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулах асуудал байнга хөндөгдөж байна. Өөрчлөлт хийж болох ч үндсэн хууль болон бусад хуулиудын уялдаа холбоог сайжруулах замаар тодорхой асуудлыг шийдвэрлэх боломжтой учраас бид ажлын хэсэг гарган нухацтай ажиллаж байна

        Эрхэм парламентчид аа,

Монгол Улсыг Ардчилсан хөгжил дэвшилд хүргэх, парламентат ёсыг хөгжүүлэх төрийн үйл хэргийн төлөө цаг наргүй зүтгэж, хувь нэмрээ оруулсан Та бүхэнд дахин талархал илэрхийлж, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалтыг нээснийг мэдэгдье.

Улаанбаатар хот                2015.09.12