Хэн нь хэний талд байгааг хараг
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.09.12

Хэн нь хэний талд байгааг хараг

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Өөрөөр хэлбэл, ийнхүү Цэцийн шийдвэр гарснаар УИХ- ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах боломжгүй болж байна гэсэн үг. Харин үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Түүний хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баяр- цогтыг огцруулах тог тоолыг өргөн бариад байгаа юм. Тиймээс Цэцээс ийнхүү шийдвэр гаргасан нь түүний гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа үйлдэл гэлээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Үндсэн хуулийн Цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 7, 6-г зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байгаа. Тэрийг юу гэж ойлгох вэ гэхээр 42.7 нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгаагүй шинэ хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхийг хориг- лоно гэсэн заалт. Нэг үгээр хэлбэл, УИХ нь УИХ-ын гишүүний санаачилгаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлийг Төс вийн тухай хуулиар тодорхой заагаад өгсөн. Зөвхөн УИХ- ын 7.1.12-оор шийдэж өгсөн юм биш. Хэрвээ УИХ Цэцийн энэ дүгнэлтийг хүлээж авах юм бол Төсвийн тухай хууль хэрэгжихгүй.

Төсвийн ерөнхийлөн захирагчид УИХ- аас хяналт тавих боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сайд нь дураараа авирлахад Ерөнхий сайд нь тухайн сайдыг өргөн барих асуудлыг ярина. Цэцийн гишүүд ийм ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахдаа УИХ-ын бүрэн эрхэд халдаад зогсоогүй, Төсвийн тухай хууль, төсөвт хяналт тавих УИХ- ын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасанд харамсч байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн сайдыг огцруулах асуудлыг гаргаж тавьсаар ирсэн. Тэр хугацаанд Цэц нэг ч удаа дүгнэлт гаргаагүй. Энэ удаа маш хурдан гаргалаа. Хэзээ ч цэцийнх нь хурал нь болсон юм, хэзээ ч өргөдөл нь ирсэн юм, хэзээ ч УИХ-аас тайлбар нь очсон юм, мэдэхгүй. УИХ Цэцийн энэ шийдвэрийг хүлээж авах юм бол УИХ-ын эрх, УИХ- ын гишүүний эрхэд халдаад зогсохгүй, Төсвийн тухай хуульд хяналт тавих эрхийг зөрчих учраас яаран хэлэлцэхгүй болов уу, бас хүлээж авахгүй болов уу гэж найдаж байна” гэлээ. 
Түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-Цэцийн дүгнэлтийг УИХ-д ирүүлснээс хойш долоо хоногийн дотор хэлэлцэх заалт бий. Тэгэхээр С.Баярцогт сайдыг огцруулахаар өргөн барьсан тогтоолыг хэлэлцэхээс өмнө УИХ Цэцийн энэ шийдвэрийг хүлээж авбал яах вэ?

-Оруулж ирж хэлэлцүүлэх эсэх нь УИХ-ын даргын асуудал. УИХ-д хүргэнэ гэдэг бол гишүүдэд тараах процесс л доо. Мөн хуулиараа ирэх долоо хоногт УИХ сайд С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх ёстой. Эхлээд бүлгүүд хуралдаж, асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Хуулиараа огцруулах асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой. Цэцээс гаргасан шийдвэр миний тавьсан огцруулах үндэслэл зөв гэдгийг улам баталлаа. Нөгөө талдаа Үндсэн хуулийн Цэц улс төржиж энэ асуудал руу орж ирж байгаа нь орд газрыг олигархиуд авахын тул Цэц хүртэл оролцлоо гэдэг хардлагыг төрүүлж байна.

 -Танай намын бүлгийн хоёр гишүүнээс бусад нь Засгийн газарт сайд болсон. Нам нь засагт хамтарчихаад байхад нэг гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоол өргөөд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ нь таныг намынхаа эсрэг ажиллагаа явуулж байгаагаас гадна өөрөө засагт багтаагүй болохоор гомдож байна гэж тайлбарлахад хүргэж байна? 

-Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд болон сайд нараас бүрдэнэ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг манай нам зургаан сайдыг чөлөөлөхөөс өмнө гаргаж байсан. Нөгөөтэйгүүр МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх үед би С.Баярцогт сайдыг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хамт огцруулна гэдгээ УИХ дээр мэдэгдэж байсан. Тэгэхээр кабинетыг байхгүй болгоно гэж хэлчихээд засагт нь орно гэж байхгүй шүү дээ. Тиймээс сайд болоогүй учраас ингэж байна гэх мэт албан тушаалын хэнээтэй хүмүүсийн хардлагаар асуудалд хандаж болохгүй. Би анхнаасаа Засгийн газрыг тогтвортой байлгая гэдэгт гарын үсэг зурсан. Засагт орохоос өмнө энэ саналыг гаргасан учраас Засгийн газрыг тогтворгүй байдал руу түлхлээ гэж ойлгож болохгүй

-С.Баярцогт сайдыг огцруулах таны санаачилга дэмжлэг авах магадлал хэр байгаа юм бэ. Жишээлбэл, танай намынхан тэр чигтээ шахуу засагт багтсан учраас лав л кноп дарахгүй байх? 

-Ямар ч байсан би санал гаргаж байгаа. Харин энэ санал дэмжлэг авах эсэх нь үндсэн зорилго биш. Ард түмэн үүнийг харж байгаа. Ард түмэн хэн нь хэний талд байгааг л харна.