Сураггүй алга болсон хэлмэгдэгсдийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв
2011.10.18

Сураггүй алга болсон хэлмэгдэгсдийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв

Өнөөдөр хуралдсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд өөрчлөлт оруулах хууль болон түүнд нийцүүлэн гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх талаар Дорнод, Завхан аймгийн цагаатгалын салбар комиссоос хийж буй ажлын тайланг авч хэлэлцэв.

Эдгээр аймгийн цагаатгалын салбар комиссууд холбогдох хуулиудыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, сурталчлах ажлыг зохион байгуулж, улмаар улс төрийн хэрэгт шийтгүүлэгчдийг цагаатгуулахаар иргэдээс гаргаж буй өргөдлийг хүлээн авах, нөхөх олговрыг олгох зэрэг ажлыг 2011 оноор дуусгавар болгоход ажлаа чиглүүлж байгаа талаар дээрх аймгийн Цагаатгалын салбар комиссын дарга нар мэдээлэв.

Завхан аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 1800 хүн цагаатгагдсан боловч 210 гаруй хүний материал олдохгүй зэргээс шалтгаалан нөхөх олговроо авч чадахгүй байгаа ажээ. Тус аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэргээр баривчлагдаад сураг нь тодорхойгүй 150 хүн байна.

 

Дорнод аймгаас улс төрийн хилс хэрэгт хилсээр ял шийтгүүлж хэлмэгдсэн 2716 хүн цагаатгагджээ. Аймгийн хэмжээнд хэлмэгдэгсдийн эхнэр, үр хүүхдүүд болох 112 хүн амьд сэрүүн амьдарч байна.

 

Хуралдааны үеэр дээрх аймгийн цагаатгалын салбар комиссууд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаад сураггүй алга болсон хүмүүсийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг орон байраар хангах, тэтгэвэр, тэтгэмжид нэмэгдэл олгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг зохих хуульд оруулах зэрэг санал хүсэлтийг тавив.

 

Эдгээртэй адил саналыг нийслэлийн Хан-Уул дүүргийн цагаатгалын салбар комисс илэрхийлжээ. Салбар комисс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаж хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхэд, гэр бүлд ахмад дайчдад олгодог тэтгэвэр, тусламжтай тэнцэхээр хэмжээний нөхөх олговор олгох, түүний дотор хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хэлмэгдэгсдийн адил үзэж тэтгэвэр, тусламж олгох асуудлыг хуульчилж өгөх санал, хүсэлт илэрхийлснийг энэхүү хуралдааны үеэр танилцуулав гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.