Үндэсний Цэцэрлэг Хүрээлэн таван нас хүрлээ
Анх 5 жилийн өмнө шарилж дүүрэн ургасан дэд бүтэц гэх зүйлгүй хоосон талбайд 27 хүн, 27 бээлий, 5 хүрзтэй ажлаа эхлүүлж байсан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн эдүгээ нийслэлийн иргэдийн зорин очих дуртай газар болжээ.
Орчин үеийн цаг завгүй амьдралд дэлхий нийтээрээ эрүүл амьдрах хэв маягийг чухалчилж буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 жилийн бүтээн байгуулалтын ойд зориулан өнгөрсөн амралтын өдрүүдэд “ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ-ЭРҮҮЛ ХӨДӨЛГӨӨН” уриан дор олон нийтийн хамарсан өдөрлөгүүдийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр эрүүл зөв хооллолтын тухай зөвлөмж хичээлүүд явагдаж, иргэд аж ахуй нэгжүүд хоолны амталгаа, үзэсгэлэн гаргаж, эрүүл хөдөлгөөнийг дэмжигч байгууллагуудын аэробик, иог, бясалгалын хичээл, дасгалууд явуулж, спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдлаа.
Итгэл найдвар ба боломж марафон гүйлтийн тэмцээн ойн өдөрлөгийн үеээр зохион байгуулагдаж эрүүл орчинд эрүүл хооллож, эрүүл хөдөлгөөнтэй идэвхитэй амьдрахыг иргэддээ уриаллаа. Мөн өнөөдөр амжилт бүтээл дүүрэн хамт олон баярын хурлаа хийлээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн 22 төрлийн 110 мянга гаруй мөд сөөгийг тарьж ургуулсан нь ургалтын хувь 93 байна.
Энэ нь Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг байна. Олон улсын стандартад нийцсэн 5.6 км дугуйн, гүйлтийн болон цанын хосолмол зам, спортын цогцолбор талбай, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, амарч зугаалах зам талбай зэрэг олон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн байна.