Ерөнхий сайд уучлал гуйх ёстой
МҮЭХ- ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.09.16

Ерөнхий сайд уучлал гуйх ёстой

МҮЭХ- ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ингэж ярьж байна.

-Цалин, тэтгэвэр нэмэх боломж Засгийн газарт бий юу. Та бүхэн энэ талаар судалсан уу?

-Засгийн газар өөрөө боломж байна. Хэлэлцээрийн хүрээнд 90 тэрбум төгрөгийг цалинд зарцуулъя гэсэн хэлэлцээрийг 2015 олны нэгдүгээр сарын 15-нд хийсэн. Энэ бол Засгийн газраас оруулж ирсэн санал. Үүн дээр үндэслэж гурван талт хэлэлцээр байгуулсан.

Тиймээс боломж байгаа юу, үгүй юу, үйлдвэрчний эвлэл яагаад жагсаад байгаа юм бэ гэдгийг Засгийн газар хариулах асуудал. Яагаад бодьгүй, хэрэгжихгүй зүйлийг үүргээ болгож авсан юм бэ гэдгийг ярих ёстой. Үйлдвэрчний эвлэл Засгийн газрыг хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг байр суурийг хатуу барьж байгаа.

-Эдийн засгийн байдал хүнд байгааг аль, аль талдаа ярьж байна. Ийм үед та бүхний шаардлага цагаа олсон уу гэдэгт эргэлзэх хүмүүс байна?

-Улс орны нөхцөл ямар байгааг бид мэдэж байгаа. Улсын төсвийн орлого олон зуун тэрбум төгрөгөөр тасалдсан.

Гэхдээ засаг өөрөө төсөв бүрдүүлэх, зөв оновчтой зүйлд зарцуулах үндсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр 90 тэрбум төгрөгөөр цалин нэмбэл улс орон сүйрэх гээд байгаа юм шиг ойлголттой байх юм. Тэр байтугай даншиг наадмыг хэдэн тэрбумаар хийв. Өчнөөн мөнгийг үр ашиггүй төсөл, хөтөлбөрт зарцуулж байна. Та бүхнээс асуугаад байгаа хүмүүсийг мэдэж байна. Тэд ажил олгогч нар. Жирийн иргэнээс асуувал үйлдвэрчний эвлэлийн тэмцэл зөв үү, буруу юу гэдгийг хариулах байх.

Цалин хөлс нь хангалттай бол үйлдвэрчний эвлэлийн байгууллага ийм шахалтыг хүнд үед тавиад байхгүй. Бид найман сар тэсвэртэй хүлээлээ. Үнэхээр хэрэгжүүлж чадахгүй бол Засгийн газар ядаж уучлалт гуйх ёстой. Хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хэрэгжихгүй боллоо, Засгийн газар хүнд байна гэдгээ олон нийтэд зарлахыг хүлээж байна. Эс тэгвэл нэмэх ч юм шиг, үгүй ч юм шиг байдал гаргадаг. Бид шаардаад байдаг ч олон нийтэд худал юм шиг харагдаад байдаг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэнэг хүмүүсийн цугларалт биш.Тиймээс цаашид тэмцлийн хурц хэлбэрээр бид шаардлагаа тавих болно.