Мэндчилгээ
2015.09.21

Мэндчилгээ

Богдхан уулынхаа хормой, Хатан туулынхаа хөвөөнд Их хайрхан уулаараа овоглон эзэн сахиус “Ар” хэмээх цагаан арсланг бэлгэдлээ болгон дээдэлж ирсэн Баянзүрх дүүргийнхээ нийт ард иргэд, ахмад буурлууд болон дүүрэгтэй амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон бүх хүнд дүүргийнхээ түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Тэртээ 50 жилийн өмнө Эв нэгдлийн бэлгэдэл болсон Найрамдалын район нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, гал голомтоо асааснаас хойш өнөөдрийг хүртэл дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүчээр тууштай зүтгэж Нийслэл хотынхоо наран ургах зүгт налайсан Баянзүрх хэмээх томоохон дүүрэг болон өргөжин тэлсэн түүхтэй билээ.

Дүүргийнхээ хөгжилд иргэд, хамт олны бүтээлч, санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн дэмжиж, иргэдийнхээ амар амгалан, эрүүл аюулгүй орчинд тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, нутгийн удирдлага, орон нутгийн хурлын оролцоог бүх түвшинд дээшлүүлэхэд төрийн бодлого, шийдвэрийг чиглүүлсэнээр иргэн бүр амьдарч байгаа орчноосоо эхлэн дүүрэг, нийслэл, цаашлаад эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг болсон явдал нь бидний томоохон амжилт юм.

Баянзүрх дүүрэг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэдийн маань ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амжилт бүтээлээр дүүрэн байж, аж амьдрал нь өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.БАТХҮҮ

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВДАВАА