Н.Батцэрэг: Төрийн залгамж халааг хадгалж ажиллана
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилох тухай хэлэлцэж дэмжлээ.
Н.Батцэрэг гишүүн нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлж, танхимын зарчмаар ажиллах чадвартай. Мөн удирдан зохион байгуулах чадвар өндөр тул БОНХАЖ-ын сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшигчийн танилцуулгадаа дурьдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батцогт, БОНХАЖЯ бол маш чухал. Энэ яам байгаль хамгаалагч биш. Газар олгогч ч биш. Тиймээс ногоон хөгжил гэж юу болох, үүнийг хэрхэн олон нийтэд сурталчлан таниулж, дэлгэрүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй. Мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд анхаарах ёстой. Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох нь зөв. Та үүнийг шийдвэрлэж чадах уу хэмээн асуусан.
Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Ногоон хөгжлийн бодлогыг далайцтайгаар хөгжүүлэх хэрэгтэй. Хугацаа богино байгаа хэдий ч энэ чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах болно гэсэн хариулт өглөө.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын бүлэг 2012 оноос хойш Үндсэн чиг үүргийн яамд УИХ-ын гишүүн байх ёстой. Бусад салбарын яамдыг УИХ-ын гишүүн байх ёсгүй гэсэн байр суурьтай байсан. БОНХАЖЯ бол Үндсэн чиг үүргийн яам. Тиймээс Н.Батцэрэг гишүүнийг дэмжиж байгаа. Таныг төрийн залгамж халааг хадгалж, мэргэшсэн албан хаагчдыг хальж солихгүй байхыг хүсч байна гэсэн санал хэлэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол сайдын үед хөрсний бохирдол, модны хулгай, хог хаягдлын чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлсэн. Үүнийг үргэлжлүүлэх үү. Гацууртын ордод олон “нинжа” алт олборлож байгаа гэсэн мэдээлэл бий. Үүнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ хэмээн асуув.
Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, "Д.Оюунхорол гишүүн богино хугацаанд олон ажил амжуулсан. Миний бие төрийн залгамж халааг хадгалж, өмнөх сайдын хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ.Түүнчлэн зөвхөн Гацууртын орд бус бусад газарт гар аргаар алт олборлогчидтой тэмцэх, нөхөн сэргээлт хийх чиглэлээр анхаарлаа хандуулах болно гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь дэмжив.
Товч намтар
Н.Батцэрэг нь 1976 онд ЕБДСургууль, 1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПК, 1992 онд Улс төрийн боловсролын академи тус тус төгссөн.
Тэрбээр, 1982-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, эрхлэгч,1990-1992 онд Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1992-1996 онд Аймгийн Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1999-2000 онд УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Мөн 2000-2003 онд Хувийн хэвшлийн салбарт компанийн зөвлөх, захирал, 2003-2004 онд Налайх дүүргийн Ардчилсан намын дарга, 2005-2006 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2006-2007 онд Шадар сайдын ажлын албанд зөвлөх, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн.
2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагчаар ажиллаж байна. Орос хэлтэй.