Монгол ахмадын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үг
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2015.10.01

Монгол ахмадын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

Эх орныхоо өнцөг булан бүрт  ажиллаж, амьдарч, гавьяаныхаа  амралтыг эдэлж байгаа эрхэм хүндэт ахмадууд аа!

Та бүхэндээ МАН-ын олон мянган гишүүн, дэмжигчдийн өмнөөс болон хувиасаа Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд дэвшүүлж, энх тунх, эрч хүчтэй байж, хойч үе бидэндээ үнэт сургаалаа хайрлаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулсаар явахын өлзийтэй ерөөлийг өргөе.

Монголын нийт иргэд, залуу үеийнхний хэзээ ч мартахгүй санаж, хайрлаж явах үнэт зүйл бол ахмадууд та бүхний амь биеэ хайрлалгүй тэмцэж, босгож, цогцлоосон үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн бодит ололт, иргэдийн эрх, эрх чөлөө билээ. Үүнийг би өнөөдөр сануулахын учир нь МАН сонгогчдын итгэлийг авч засаглаж байх хугацаандаа ахмадууд та бидний хамтаар хүрсэн эдийн засаг, улс төр нийгмийн ололт, амжилтууд өнөөгийн эрх баригчдын өнгөн дээр алдагдаж, үгүй болж байна.

Эрх баригчид 2012 онд Засгийн эрх авсан мөчөөсөө хариуцлагагүй өр зээл тавих, ард түмний өмчлөлд байгаа томоохон ордуудыг гадаадынхантай үгсэн цөлмөх зэргээр овлигогүй аашилсаар өнөөдөр эдийн засгийг тартагт нь тултал унагаад байна. МАН-ын бодлого, үйл ажиллагааны үр дүнд жилийн 17 хувийн өсөлт хүрч байсан эдийн засгийг хоёр хувь хүртэл унагаж, 1200 төгрөгт барьж байсан ам.долларын ханшийг 2000 төгрөг давуулан алдлаа.

Өнөөдөр ахмадуудын тэтгэврийн зээлийн нийт хэмжээ 420 гаруй тэрбум төгрөг болж, санаа зовох хэмжээнд хүрсэн нь эрх баригчдын бодлогын алдааны илэрхийлэл гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Өнөөгийн нийгмийн суурийг тавьж, босгож хөгжүүлсэн ахмадуудаа дааж давшгүй өрөнд унагах хэрнээ засгийн эрх баригчид ач холбогдол багатай, иргэд, ахмадуудад ямар ч хүртээлгүй хоосон тансаг арга хэмжээнд өдий төдий тэрбум төгрөгийг зарцуулаад эхэлчихсэн байх юм. Энэ улсад мөнгө байгаа бол эн тэргүүнд ард олондоо зориулах ёстой. Энэ төрд мэлмий байгаа бол эхлээд иргэд рүүгээ чиглүүлэх хэрэгтэй.

МАН засгийн эрхийг барьж байхдаа ахмадуудынхаа төлөө боломжтой бүхнийг хийж, хэрэгжүүлж ирсэн. 1990-ээд оны эхнээс иргэдийн амьдрал доройтож, барааны хомсдол нүүрлэж байсан тэр хүнд үед ч ахмадуудын нийгмийн асуудалд онцгой ач холбогдол өгч, эрх зүйн шинэчлэлийг хийж байлаа. Нийгмийн даатгалын болон халамжийн багц хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль зэргийг батлуулж хэрэгжүүлсэн нь ахмадуудын нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах  үндэс суурийг тавьсан юм.

Бидний бий болгосон нийгмийн хамгааллын тогтолцоог улам боловсронгуй болгохын оронд Ардчилсан нам, эрх баригчид эсрэгээр та бүхний нийгмийн хамгааллын түвшинг бууруулах, муутгах оролдлого гаргаж байгааг бид хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгийг батлан хэлье. Эрх баригчдын боловсруулсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын төсөлд тэтгэвэрт гарах насыг дээшлүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг адил тогтоох, тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх зэрэг олон таагүй арга хэмжээ авахаар тусгагдсаныг бид нухацтай авч үзэж, хугацааг хойшлуулах, нааштайгаар шийдвэрлэхээр зорин ажиллаж байна.

Эрх баригчдын зүгээс өөрсдийн үргүй зардал, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ахмадуудын тэтгэврийн хэмжээг бууруулах, хугацааг хойшлуулахаар санаархаж байгааг бид таслан зогсооно. Ийм овлигогүй бодлого нь ажлын байр хүрэлцэхгүй, ажилгүйдэл ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд ахмадуудыг ажил ч үгүй, тэтгэвэр ч үгүй үлдээх эрсдэл даллах учир бид хэрхэвч дэмжих ёсгүй гэж үзэж байгаа. Ахмадууд бидэнд хандан тэтгэвэр, тэтгэмж нь амьжиргаанд яагаад ч хүрэлцэхгүй болсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй, чанар муу байгаа, ая тухтай амьдрах орчин нөхцөл улам бүр хомсдож байгаа талаар санал, гомдол ихээр ирүүлж байгаа нь зүй ёсны юм.

2012 оноос хойш өнөөдрийг хүртэл гурван жил гаруйн хугацаанд төрийн албан хаагчдын цалин 10 хувиар, ахмадуудын тэтгэвэр 20 хувиар нэмэгдсэн гэх боловч энэ хугацаанд хэрэглээний үнийн индекс 52 хувиар өсч, тэтгэврийн өсөлтөөс даруй тав дахин илүү гарчээ. Өөрөөр хэлбэл, 2012 онд 20 мянган төгрөгөөр худалдан авч байсан өргөн хэрэглээний барааг өнөөдөр 100 мянган төгрөгөөр худалдан авч байна. Энэ бол ахмадуудын маань амьдралд ахадсан хүнд ачаа юм. Тэдний үүрч явсан ачааг гурван жилд тав дахин нэмчихлээ гэсэн үг.

МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан санаануудаа хууль, бичиг баримт болгон УИХ-аар хэлэлцүүлэхийг чармайсаар байна. Харин эрх барьж буй олонхи дур зоргоороо авирлаж, хэрэгжүүлэх боломж олгохгүй дарсаар байна. Жишээ нь, малчдын ажил, хөдөлмөрийн онцлог болон шилжилтийн жилүүдэд нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй бодит шалтгааныг нь харгалзан тэтгэвэрт гарах насыг нь наашлуулах, тэтгэврийн даатгалд нөхөн хамруулахтай холбоотой багц хуулийн төслийг МАН-ын бүлгээс боловсруулж УИХ-д өргөн бариад 510 хоногийн хугацаа өнгөрлөө.

Эрх баригчид эдгээр хуулийн төслийг улс төржсөн өнцгөөр харж, хөдөөгийн иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлсээр байгаагаас УИХ-аар хэлэлцэх явц маш удаашралтай, хүндрэлтэй  байна. Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан нэгнээ өршөөх болохоор хүссэн хуулиа дуртай цагтаа ээлжит бусаар хэлэлцүүлэн баталдаг олонхи маань, бидний санаачилсан иргэдийн төлөөх аливаа хууль, тогтоомжийн төслүүдийг дарж, хойшлуулдаг буруу жишиг УИХ-д нэгэнт тогтсоноос ахмадууд та бүхний амьдралд онцгой ач холбогдол бүхий хуулийн төслүүд батлагдахгүй байна.

Тэсвэр тэвчээрт хязгаар бий. Бид олонхийн дарангуйллыг зүгээр хараад суухгүй. Олон нийттэйгээ ХАМТДАА, ахмадуудтайгаа ХАМТДАА тэмцэх, сөрөх болно. Гоё сайхан нэртэй хөтөлбөрүүд, дааж давшгүй их өрөөр ард олны амьдралыг дээшлүүлдэггүй нь тодорхой боллоо. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол эрс суларч байна. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Нийгэм баян, хоосны туйл руугаа шахагдан эсрэгцэл, туйлшралд автаж байна. Ийм нөхцөлд МАН өөрийн суурь болсон ахмадууд, ард иргэдтэйгээ хамтран урьдын адил ард түмнээ, улс орноо, эдийн засгаа өөд татах хөтөлбөрийг болосвруулан тэмцэх болно.

Бид уруудал, доройтлыг зогсоон, монгол орноо ДАХИН СЭРГЭЛТ-ийн замд Та бүхэнтэй ХАМТДАА оруулж, сайн сайхан амьдралын төлөөх монголчуудын эрэлхийллийг бодит үйлс болгох болно. Бид МАН-ыг анх байгуулаж байхдаа ч ахмад үеийнхний тавьж байсан, мөрөөдөл, эрэлхийлэл болсон чинээлэг дундаж давхарга зонхилсон, тогтвортой хөгжил бүхий нийгмийг цогцлоон ахмадуудынхаа АЧИЙГ ХАРИУЛАХ болно гэж зорьж байсан. Одоо ч үүний төлөө Ардын намын гишүүд өнөөдрөөс эхлэн ХАМТДАА нойр хоолоо хасан ажиллаж, зүтгэх болно.

"ХАМТДАА тэмцэн эрх мэдлийг олж, түүнийгээ зөв хэрэгжүүлэх” энэ бол ахмадууд та бүхний бидэнд суулгасан хүмүүжил, дамжуулсан итгэл найдвар! Та бүхний найдлагыг бид унтраахгүй, бөхөөхгүйн төлөө чадах бүхнээ хийнэ. ХАМДТАА уналт доройтлыг зогсоож, дахин сэргэлтийг эхлүүлье. Тэр болтол та бүхэн минь дэмжээрэй, туслаарай. Бид ХАМТДАА чадна. Чадаж байсныг түүх мэднэ, түмэн олон бас гэрчилнэ. Ахмадууд та бүхний хэлж, зааж байсан үг өнөөдөр түмний нүдэн дээр нотлогдож байна. "Ардчилсан нам засаглаж чаддагүй, Ардын нам жагсаж чаддагүй...” гэж.

Ардын нам бүхий л түүхийнхээ туршид хийж бүтээх, бодож төлөвлөх, хамтарч шийдэх зэрэгт анхаарлаа тавьж ирснээс бус жагсах цуглах, хашгирч зүхэх, эсэргүүцэж үймүүлэхэд суралцаагүй нь үнэн. Шаардлага тулгарвал сурчих нь ч бас үнэн. МАН-ын мянга мянга гишүүн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүхнээ зориулах чадвартай ахмад үеэсээ ямагт суралцаж ирсэн. Та бүхний олгосон тэр л хүмүүжил, төлөвшлийн дагуу бид ДАХИН СЭРГЭЛТ-ийг авчрах болно.

МАН-ын бий болгосон, хүрсэн амжилтыг Ардчилсан нам унагаж, доройтуулдаг, МАН ахин сэргээдэг, Ардчилсан нам давтаж унагадаг ийм нэгэн тэвчишгүй зүй тогтол монголын нийгэмд нүүрлээд байгааг зогсоож байж л ДАХИН СЭРГЭЛТ ирэх юм байна. Азай буурал, ахмадууд маань хийсэн бүтээснийхээ буян заяаг эдлэн, үр ач нарынхаа хамтаар амар амгалан амьдрах тогтвортой нөхцөлийг эргүүлж авчрахын төлөө Монгол Ардын Нам бүхнээ зориулан ажиллах болно. Та бүхэн минь сэтгэл зүрхээрээ ХАМТДАА байж, урьдын адил итгэнэ, дэмжинэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Улс орон минь ДАХИН СЭРГЭЖ, ахмад үе минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай, хийморь лундаа нь бадарч, буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай!

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.