УИХ чөлөөлж ч чадахгүй, томилж ч чадахгүй байдалтай байна
УИХ-ын гишүүн М.Энхболд
2015.10.02

УИХ чөлөөлж ч чадахгүй, томилж ч чадахгүй байдалтай байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ.

Байнгын хорооны хуралдаан 14 цаг 25 минутад 56.3 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны дарга А.Бакей энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөж буйг танилцуулсан юм.

Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан тул энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцээс эцсийн шийдвэр гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм.

Горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ч.Сайханбилэг нар саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь горимын саналыг дэмжив.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг ёс зүйн шаардлага хангахгүй байна, хариуцсан салбараа удирдах чадваргүй байна, мөн Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн зэрэг үндэслэлээр огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан энэ оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн барьсан юм.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний"... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 11 тоот дүгнэлт гаргажээ.

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Су.Батболд, М.Энхболд, М.Батчимэг, Л.Цог, Ч.Сайханбилэг, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

М.Энхболд: УИХ чөлөөлж ч чадахгүй, томилж ч чадахгүй байдалтай

Тэрээр хэлэхдээ:

- Үндсэн хуулийн цэцийн дүнэлтийг УИХ хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Миний хувьд энэ талд нь саналаа өгнө. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай, дарламентийн засаглалтай ч бай ямар ч засаглалтай байсан төрийн албыг томилсон тэр сүбьект нь үйл ажиллагаанд нь хяналт тавьж, хариуцлага тооцдог, томилсонтой адил чөлөөлдөг эрх нь тэр сүбьектэд байх ёстой. Өнөөдрийн үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтээр УИХ сайдын томилдог хэрнээ хяналт тавих, хариуцлага тооцох, чөлөөлөх эрх хэмжээгээ алдаж байгаа дүгнэлт гаргасан байна. Энэ бол их харамсалтай дүгнэлт байна.

Тэр тусмаа өнөөдөр улс орны хувьд эдийн засгийн хямралтай, олон түмний сэтгэл санаа бухимдалтай байгаа үед хариуцлагыг бүр их тооцож байх ёстой. Зарим гишүүд хариуцлага тооцдог цаг биш гэж байна. Гэхдээ цаг үе нь болохын бол хэзээ ч хариуцлага тооцдог байх ёстой.  Хямралаас гарах ажил хийж чадахгүй байгаа бол хариуцлага тооцож, чөлөөлж, дараагийн чаддаг хүнийг нь ажлуулах ёстой. Ийм эрх нь УИХ-д байх ёстой.

Өнөөдөр УИХ ямар байдалд орчихсон байна гэхээр чөлөөлж чаддаггүй, томилж ч чадахгүй байдалд байна. Наймдугаар сарын зургаанд зургаан сайдыг чөлөөлсөн. Эргүүлээд томилж ч чадахгүй байсан. УИХ ямар ч үед хийх ёстой ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс энэ дүгнэлтийг УИХ-ын гишүүд хүлээж авахгүй байгаасай гэж бодож байна. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай сураг чимээнээр энэ дүгнэлтийг гаргаж байгаа юм шиг харагдаж байна. Тиймээс хуучин хуулийн зохицуулалтаар явах нь ард түмэнд, эдийн засаг, нийгэмд хэрэгтэй юм хэмээн хэллээ. 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.