Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв
Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.10.01

Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2015.10.01/ үдээс хойш хийлээ.

Байнгын хорооны хуралдаан 14 цаг 25 минутад 56.3 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны дарга А.Бакей энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөж буйг танилцуулсан юм.

Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан тул энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцээс эцсийн шийдвэр гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм.

Горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ч.Сайханбилэг нар саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь горимын саналыг дэмжив.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг ёс зүйн шаардлага хангахгүй байна, хариуцсан салбараа удирдах чадваргүй байна, мөн Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн зэрэг үндэслэлээр огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан энэ оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн барьсан юм.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийгхэлэлцэв.