УИХ-ын нэгдсэн хуралдаан боллоо
Долоо хоног бүрийн баасан гаригийн үдээс хойшхи чуулганд Засгийн газраас мэдээлэл хийдэг.
Энэ хүрээнд УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Тэд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайд ургац хураалт болон махны экспорт зэрэг асуудлаар УИХ-д мэдээлэл өгсөн юм. Мөн төсвийн тодотголоор 800 тэрбумыг танахаар байгаагаа дуулгав.
М.Энхболд: Ерөнхий сайд УИХ-ын танхимд орж ирж, улс орны амьдралтай холбоотой мэдээлэл хийж байгаад баярлаж байна. Би таны мэдээлэл дотроос эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар олж сонссонгүй. Энэ талаар тодруулмаар байна. Говьсүмбэр аймагт дөрвөн тойрогт МАН ялсан. Гэтэл одоо хүртэл засаг дарга нарыг нь батламжлаагүй байна. Ургацынхаа 50 хувийг алдлаа гээд баахан хэрэлдсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт муу байгаа. Эдийн засаг хүнд байгаа цагт иргэд талхтай гурилтай баймаар байна.
Ч.Сайханбилэг: Эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт ирэх хавраас явагдана. Тавдугаар цахилгаан станцын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ. Мөн “Багануур”-ын цахилгана станц барих ажлыг эхлүүлнэ. Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдсэн. БНХАУ-аас авах нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр “Эгийн гол”-ын цахилгаан станцыг барина. Газар тариалангийн бүс нутгаар цаг агаарын хүндрэл гарсан. Хорин хувийн ургац хурааж авч байгаа юм биш. 60 хувийн ургац хурааж авч байгаа.
Р.Бурмаа: Ургац хураалт дундаа орж байна. Газар тариалангийн бүс нутагт цаг агаарын хүчин зүйлс нөлөөлсөн. Сүүлийн үед мөндөр орж байна. Энэ бас ургац хураалтад нөлөөлж байна. Ургац хураалтын дүн гараагүй байна. Бидний урьдчилсан тооцсоноор нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангана. Үлдсэнийг нь импортоор хангана. Төрийн зүгээс тонн тутамд нь урамшуулал өгөхөөс гадна хөрсөө бордоход нь дэмжлэг үзүүлэх байдлаар хуулийн төсөл боловсруулж байна. Хэр зэрэг улаанбуудайг худалдаж авна түүнд нь дүйцүүлэн импортын буудайг өгнө гэсэн шаардлага тавьж байна. Импортоор харьцангуй хямд буудай оруулж ирнэ. Энэ тал дээр та бүхэн туслах юм бол импортын хямд буудай оруулж ирэх боломж байна. Аж ахуйн нэгжүүдийн үрийн улаанбуудайнд тэнцээгүйг нь малын тэжээлд авч байгаа.
Д.Лүндээжанцан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ярьж байна. Мал аж ахуй, газар тариалан гээд хүнсээ голдуу ярьж байна. Ирэх оны өнгийг өмнөх жилийн үйлээс хардаг. Үнэндээ газар тариалангийн салбар ийм байгаа юм чинь малчид маань яаж өвөлжих вэ гэж санаа зовж байна. Энэ жил малчид олигтой өвс бэлтгэж чадаагүй байгаа гэсэн. Засаг төр нэг тэрбум долларын мах гаргана гэж яриад байдаг. Удирдлагууд ярихдаа буруу, зөрүү яриад байдаг юм уу. Монголын нийт малын 50 хувь нь экспортоор гараад явахаар байгаа. Өвөрхангайн Арвайхээрийн дулааны цахилгаан станц юу болсон бэ? Найман зуун тэрбумыг танана гэж байна.
Р.Бурмаа: БНХАУ манай улсаас нэг тэрбум долларын мах импортлох боломжтой гэдгээ дуулгасан. Манай хувьд тийм хүчин чадал байхгүй. Бидний хувьд зөвхөн бэлчээрийн мал аж ахуй дээрээ үндэслэх биш эрчимжсэн мал аж ахуйг бий болгох шаардлагатай байна. Эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Халх голын чөлөөт бүсээр дамжуулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бидний хувьд 120 мянган тонн мах экспортлох боломжтой юм байна гэсэн тоо гаргаж ирсэн. Зөвхөн энэ жилдээ биш, дараа жилийн нэг хоёрдугаар улирлыг тооцсон байгаа. Тэрбум долларын хэмжээний махны боломжийг бий болговол эдийн засаг эрүүлжинэ. Малаа эрүүл байлгах хүсэл сонирхол нэмэгдэнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангана. Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах хэрэглэнэ.
Д.Зоригт: Улаанбаатар хотын эх үүсвэрээс гадна Дархан-Уул аймгийн цахилгаан станцыг бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын тендер зарласан. Дорнод, Хэнтий аймаг руу цахилгаан татах агаарын шугам барих ажил үргэлжилж байна.
Н.Батцэрэг: Сонгинохайрхан дүүрэгт утаа багасах болов уу гэж харж байгаа. 2014 оны өвлийг 2015 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол 16 хувиар буурсан байна. Хуучин бид зуух тараадаг байсан. Нийт 180 мянган өрхийн 90 хувь нь зууханд хамрагдаж. Нүүрс түлэх нь хамаагүй хямд учраас иргэд маань өндөр үнэтэй түлш хэрэглэж чадахгүй байна. Нийт Монголын нутгийн агаарын бохирдол муу байгаа юм биш. Улаанбаатарын агаар муу байгаа бол нийслэлийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт хотын агаар муу байвал Орхон аймгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдол энэ жил харьцангуй гайгүй байна.
Ч.Сайханбилэг: Ирэх долоо хоногт төсөв ярьж эхэлнэ. Тэр үед нь илүү тодорхой тайлбар өгье.
Д.Хаянхярваа: Эдийн засгийн байдал их дордож байна. Дордохоор барахгүй их муудаж байна. Ерөнхий сайд элдэв улстөргүй ярья гэж эхнээсээ хэлсэн. Одоо энэ зурагдсан пянз шиг юмаа ярих хэрэггүй. Тантай улс төр яриад хэрэггүй, ажил яриад ч хэрэггүй юм байна. Таны хэлсэн, ярьсан болгон бүтсэнгүй. Танаас шахаад, шахаад тос гарахгүй юм байна. Өнөөдөр хоол хүнсээ ярьж байна. Энэ зөв байх л даа. Нийслэлийн хүн амын тухай, хүнийхээ тухай яръя. Бид нар өнөөдөр олон үйлдвэр аж ахуйн дарга нэмэгдлээ гэж УИХ-ын дарга өчигдөр хэлсэн. Тэгвэл өнөөдөр хичнээн хүн ажил, орлогогүй болсон бэ?
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Улаанбаатарын утаатай тэмцэхээр нийслэлээс багагүй арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд 2014 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол бага зэрэг буурсан.
Н.Номтойбаяр: Тэрбум долларын махны экспортыг хийнэ гэж байна. Р.Бурмаа сайдыг томилогдоход нэг зүйл би хэлж байсан. Тэрбум долларын мах экспортлохтой холбоотойгоор эдийн засгийн хугарлын цэгийг хэдээр тооцсон бэ?
Р.Бурмаа: Тэрбум долларын махыг ганцхан энэ жил гаргачих юм биш. Ийм зах зээлийн боломж байна гэсэн саналыг Хятадын зүгээс тавьсан. Бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай уялдуулан, малын төрөл бүр дээр нь, мөн дотоодын хэрэгцээгээ тооцоод махны экспортыг төлөвлөж байна. Манай үйлдвэрийн хүчин чадлын тооцоог гаргасан. Жилд 128 тонн махыг экспортод гаргах боломжтой юм байна гэсэн тооцоо гарсан. Ер нь хонин толгойд шилжүүлснээр 10 сая толгой малыг экспортод гаргах боломж байна.
Л.Гантөмөр: Энэ жил төсөв буурсан. Гэхдээ энэ жилийн өвөлжилтийг дааж чадахгүй байгаа халаалтын тогоонуудаа солихоор Сангийн яаманд саналаа хүргүүлсэн.
Ч.Хүрэлбаатар: Зөвхөн цалин, тэтгэврийн данс нээлттэй, бусад дансыг хаасан гээд бичээд байгаа шүү дээ.Тэгэхээр бодит байдлыг харахаар өвлийн бэлтгэл тааруу байна. Сүүлийн 25 жилд хийгээгүй хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт хийлээ гээд байна. Тийм их рекорд эвдсэн юм бол яагаад цахилгаан, дулааны үнэ өсөөд байгаа юм бэ. Та нарын ярьж байгаа зүйл нэг өөр, бодит амьдрал дээр гарч байгаа зүйл өөр. Уг нь та нарын ярьж байгаа, хийж буй ажил нийцэж л байх хэрэгтэй шүү дээ. Танай сайдуудад хэн ч итгэхээ больсон.
Ч.Сайханбилэг: Намайг цаасан дээр байгаа юм хэлээд байна гэх юм. Би өөрийнхөө нүдээр үзсэн юмаа яриад байгаа юм. Та энэ зун Монголд байсан юм байгаа биз дээ. 38 жил газар тариалан эрхэлсэн хөдөлмөрийн баатар хүн ярьж байна. Сүүлийн 38 жил тохиолдоогүй ган биш гамшиг боллоо гэж. Энэ зун, зургаа, долдугаар сард ганц дусал бороо ороогүй байгаа шүү дээ. Та түүнийг нь харж л байсан биз дээ. Сүүлийн 25 жилд хийгдээгүй цахилгаан, эрчим хүчний хөрөнгө оруулалт хийгдээгүй биш хийгдсэн ш тээ. Цахилгаан эрчим хүчний үнэ дээр бодлогын шинэчлэл хийхгүй бол эдийн засаг ч өсөхгүй, үйлдвэрлэл ч хөгжихгүй.
Ё.Отгонбаяр: Та 9.5 сая мөнгөн аяга авсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөл 56 сая төгрөгөөр хоёр гэр авсан. Гэтэл хөдөөд төсөв хасуулсан гээд сумын засаг дарга нар малчдадаа хүрч чадахгүй байна. Цалин хасч болохгүй шүү.
Ч.Сайханбилэг: Би 9.5 сая мөнгөн аяга аваагүй. 9.5 саяар мөнгө аяга биш бараг алтан аяга авах юм биш үү. Би Ерөнхий сайд болсноосоо хойш нэг ч албан газраас аяга, таваг аваагүй ээ. Та нар цалингаа хас, хангамжаа хас гэж эрүүл шаардлага тавьдаг. Хасахаар эсэргүүцэж шүүмжлээд байх юм.
Л.Энх-Амгалан: Маш тодорхой хариулт хүсч байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 76 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Дахиад 180 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Энэ мөнгө хэдэн сард малчдын гар дээр очих вэ?
Ч.Сайханбилэг: Засгийн газар очиж 180 сая төгрөг аваад, малчдын хотноос аваад явж чадахгүй. Энэ бол үлгэр. Үүнийг харин хувийн хэвшлийнхэн хийдэг юм. Засгийн газар зохицуулалтыг нь хийж өгөх юм. Арилжааны банкны өөр зарчимаар махны экспорт явчихвал утгаа алдана. Засаг очиж, малчдаас мал аваад, малчдын гар дээр мөнгө тавьдаг буруу ойлголт өгч болохгүй.
Засгийн газрын мэдээллийг сонссоноор чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.