Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2015.10.07

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2015.10.07.Лхагва гараг/ 09.00 54 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдаанаар эхлээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байна.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дотоод, гадаадын байгууллагаас өгсөн үнэлгээ, зөвлөмжийн дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглүүлэх зорилго тавин ажилласан.

Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг тул халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг хуулийн төсөлд шинэчлэн тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгаар илүү тодорхой болгож өгсөн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Малын индексийн тухай гээд нэлээд олон хууль өмнө нь гарсан. Хууль олон болоод ирэхээр сөрөг үр дагавар гардаг. Иймээс одоо мөрдөж буй хуулиндаа нэмэлт оруулж, чамбайруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Монгол Улс бол нүүдлийн мал аж ахуйн орон. Хотонд нь зээр ороод ирдэг, зээр, хонь, ямаан сүрэг нийлээд явдаг хагас зэрлэг мал аж ахуйг дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэхгүй.

Монгол малын эрүүл мэндийн асуудлыг ярих гэж байгаа бол монгол аж ахуйдаа тохирсон, монголын хөрсөнд буусан малын эрүүл мэндийн системийн тухай ярих хэрэгтэй. Малаас хүнд халдварладаг маш олон тооны өвчин байгаа. Эцсийн дүндээ эрүүл монгол хүний асуудлын тухай яригдах ёстой. Хувийн хэвшил дээр тулгуурласан анхан шатны мал эмнэлгүүдийг хүчтэй болгох хэрэгтэй.

Хуучин системийн үед мал эмнэлгүүдийн бааз суурь төрд түшиглэж, төр санхүүжүүлж явж ирсэн. Иймд хуучны системээс сайн зүйлийг нь буцааж авах чиглэл барих, Дэлхийн эрүүл мэндийн тавьсан стандартаас авах зүйлийг нь авсан шиг авах хэрэгтэй. Ингэхдээ нүүдлийн мал аж ахуйн хагас зэрлэг орон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, 2007 онд батлагдсан Малын удмын сан, эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийг шинэчлэхээр 10-аад жилийн дараа оруулж ирж байна. Энэ бол олон улсын экспертүүд, үндэсний судлаачдын саналыг авч нэлээд олон жил боловсруулж хэд хэдэн Засгийн газар дамжиж оруулж ирж байгаа хуулийн төсөл. Гишүүдийн гаргаж байгаа санал, шүүмжлэлийг ажлын хэсэг хүлээж авах хэрэгтэй. Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт ойртуулах зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76,8 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа 2015 оны намрын ургац хураалтын талаар Хүнс , хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсов. 2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д будай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянгаг га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн байна.

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарчээ.

Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тариа, тэжээлийн таримлын хураалт 9 дүгээр сарын 08-наас жигдэрч эхэлсэн гэв. 10 дугаар сарын 02-ний байдлаар улаанбуудайн хураалт 37.6 хувьтай, төмсний хураалт 75.6 хувьтай, хүнсний ногооны хураалт 74.7 хувьтай явагдаж байгаа аж. Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын талбайн ажлыг 10 дугаар сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Гишүүдийн зүгээс нэг цонхны бодлогоор импортын улаан буудай оруулж ирэх асуудал болон газар тариалангийн хөрс, бэлчээрт цаг агаарын огцом өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн юм. Гишүүдийн асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, байнгын хороо намрын ургац хураалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсоод хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг өгөх ёстой. Энэ жил манай тариаланчдын хувьд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэж хэлж болохоор байдал үүссэн байгаа учраас энэ асуудалд ач холбогдол өгч байнгын хороогоор хэлэлцэж байна.

Байнгын хорооны зүгээс ажлын хэсэг гарч газар дээр нь очиж ажилласан. Өнөөдрийн мэдээллийн үеэр гишүүдийн ярьсан асуудал, ялангуяа үрийн буудайг оруулж ирж байгаа болон атар газартай холбоотой асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөл байдал хүнд байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Төрийн захиргааны байгууллагуудын зүгээс зохион байгуулалттай арга хэмжээ авах, тариаланчидтай газар дээр нь очиж ажиллах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Мөн үтрэм дээр бууж байгаа тэжээлийн буудайг борлуулах сүлжээн дээр төр, засгийн байгууллага онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тариалангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай байна.

Хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэлэлцэх асуудал хүлээгдэж байгаа. Тариалангийн тухай хуулийн төсөл болон Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлоготой холбогдуулан байнгын хорооноос ойрын үед хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Яамны зүгээс Байнгын хорооны гишүүдэд ургац хураалтын явц байдлын талаарх мэдээллийг долоо хоног бүр өгч байх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар “Органик хүнсний тухай” хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Оюуныг баталлаа.