Цэцийн дүгнэлт ба тэгш гараа
Дугнэлтийг УИХ хүлээж авбал 2016 оны сонгууль хууль бус болно.
Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн өмчиткомпанийн захирлуудад албан тушаал, эрх мэдэл, бусад хангамжтайгаа шууд сонгуульд нэр дэвших боломжийг Үндсэн хуулийн цэц олгоод байна.
Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 26.6-д “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг.
Харин энэхүү заалтыг Үндсэн хуулийн цэц “Хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр” хэмээн дүгнэсэн юм.
Хэрэв УИХ энэхүү дүгнэлтийг хүлээн авбал 2012 оны сонгуулийг Үндсэн хууль зөрчиж хийсэн болж таарна. Хэдийгээр мягмар гарагт болсон холбогдох Байнгын хороодын хурлаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн. Гэхдээ энэ эцсийн шийд биш. Хэрэв Үндсэн хуулийн Цэц УИХ-ын шийдвэрийг буруу гэж үзвэл Их суудлын хуралдаанаа зарлаж болох юм. Улмаар есөн гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлын хуралдаан өмнөх шийдвэрээ хамгаалбал тухайн хууль бүхэлдээ, эсвэл хэсэгчлэн хүчингүй болох байдал үүсээд байгаа юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар гишүүдийн байр суурь ямар байгааг хүргье.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Парламентын эрх мэдлийг цэц хэрэглээд байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
-Үндсэн хууль зөрчсөн гэх тухайн заалт нь төрийн албаны хэмжүүр дээр хоёр өөрөөр хэрэглэх эрх Цэцэд байна уу. Хууль тогтоох байгууллагын хувьд үйлчилгээний байгууллагын албан тушаалтнуудыг сонгуульд нэр дэвших болвол ажлаас нь чөлөөлөх зөв, эсэхийг бүрэн эрхийн хүрээнд шийднэ.
Гэхдээ энэ нь бодлогын алдаа болохоос Үндсэн хуулийн зөрчил биш. Үндсэн хуулийн зөрчил харагдахгүй байхад “Танай хууль ингэж гарах ёстой” гэх байдлаар хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг Цэц хэрэглээд байна гэж би харж байгаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: дарга нар ардын хүүхэдтэй тэгш бус гараанаас уралдана гэсэн үг
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
-Төрийн албан тушаалтнууд гэж бий. Багш, эмч, галч, цэвэр-лэгч, манаач, судлаач, шинжлэх ухааны ажилтнууд гэх мэт хүмүүс сонгуульд нэр дэвшвэл тэднийг заавал ажлаа өг гэж хэлэх шаардлага байхгүй. Тэд албан тушаалаа ашиглаад, хөрөнгө мөнгө тараах байдал үүсэхгүй.
Гэтэл тэдэнтэй хамт Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга нар ажлаа хийсээр байгаад сонгуульд орчих байдал үүсэх вий гэдэгт санаа зовж байна. Төрийн үйлчилгээний жирийн албан хаагчдын дал-баан дор том дарга нар төрийн мөнгө, хүн хүчийг дайчлаад сонгуульд орчихгүй байгаа гэсэн болгоомжлол байна.